Төсвийн зөвлөл: Төрийн зарлага 28.3 хувиар өсөж, урсгал зардал давамгайллаа

Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт өгч, олон нийтэд танилцуулсан байна.
Зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа хэлэхдээ: "Төсвийг тэлэх бодлого үргэлжилж байгаа нь төрийн оролцоог огцом нэмэгдүүлэх байдалтай болгож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хэмжээ 37.8 хувь болж өссөн."
Төсвийн зарлага 28.3 хувиар өссөн бөгөөд дийлэнх нь урсгал зардал эзэлж байна. 2027 онд нийт зарлага 43.6 их наяд төгрөг байхаас 33 их наяд нь урсгал зардал болж байна.
Татварын орлого буурч, төсвийн орлогыг татварын бус орлогоор бүрдүүлж байгааг зөвлөл эдийн засгийн бүтцийн гажуудал гэж үзэж байна. Нийт орлого 8.3 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд 5.4 их наяд нь татварын бус орлого байна. Төрийн өмчит компаниуд болон Оюутолгой төслийн ногдол ашиг уул уурхайгаас хамааралтай учир төсвийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой гэж дүгнэсэн.
Ирэх онд 9.2 их наяд төгрөгийн цалинг 211.6 мянган төрийн албан хаагчид олгохоор тооцсон нь урсгал зарлагын 19.5 хувийг эзэлж, 1.5 их наядаар нэмэгдсэн байна. Иргэдэд олгох урамшуулал, тэтгэмж 228 хувиар өсөж, 3.3 дахин нэмэгдэхээр тусгагдсан.
Л.Отгонтуяа цалин хөлсийг эдийн засгийн нөхцөл, ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй холбож нэмэх бодлого барих шаардлагатайг дурдаад: "Ингэхгүй бол манай төр зөвхөн цалин, тэтгэвэр тэтгэмж өгдөг болчих гээд байна. Цалин тэтгэврийн зардал 2028, 2029 онд ч нэмэгдэнэ" гэж мэдэгдэв.
Татварын хуульд орсон өөрчлөлтүүд 2027 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд эдгээр нь эдийн засгийг идэвхжүүлж, татварын сууриа өргөжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт багагүй хэмжээнд байгаа нь татварын зардалд тооцогдож байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

