Төсвийн тогтвортой байдлын зөвлөл: Зарлага ДНБ-ий 37.8 хувьд хүрэх нь өсөлтөд сөрөг

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт өгч, олон нийтэд танилцууллаа.
Зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар Засгийн газраас өөрчлөлт оруулах гол үндэслэлийг тайлбарлахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2026 оны 06 дугаар сарын 26-нд, Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2026 оны 07 дугаар сарын 03-нд тус тус эцэслэн батлагдсанаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ батлагдсан дүнгээс 1 их наяд төгрөгөөр дутахаар байгааг дурдав.
Мөн Оюу Толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3,000.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж буйг онцлов. Энэ хөрөнгийг нийгмийн суурь асуудлууд, эрчим хүч, дэд бүтцийн салбарын санхүүгийн хүндрэлийг арилгах, хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулахаар тооцож байгааг тэрээр тайлбарлав.
Өргөн мэдүүлсэн төслөөр төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хувийг 2027 онд 37.8 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 50 хувьд хүргэхээр тусгасан нь 2025 оны 11 дүгээр сарын 28-нд УИХ-аас баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоол”-ын шалгуур үзүүлэлтээс харгалзан 7.8, 5.0 нэгж хувиар тус тус хэтэрсэн байна.
Зөвлөлийн шинжилгээгээр төсвийн зарлага ДНБ-ий 27 хувь байх нь эдийн засгийн өсөлтөд хамгийн их эерэг нөлөөтэй гэсэн үр дүн гарсан. Харин төсөлд тусгасан 37.8 хувь нь уг критик утгаас 10.8 нэгж хувиар өндөр байна.
Мөн төсвийн үзүүлэлтүүдийн таамаглал ТТБЗ-ийн суурь таамаглал болон ОУВС-ийн таамаглалаас зөрж байгааг зөвлөл онцлов. 2026 оны 05 дугаар сарын 29-нд баталсан ДХТХМ-д эдгээр үзүүлэлт ойролцоо байсан бол энэхүү хуулийн төсөлд төсвийн орлого, зарлага, Засгийн газрын өрийн хувьд хол зөрүүтэй гарсан байна.
Дунд хугацаанд инфляцын эрсдэл өндөр байгааг зөвлөл анхааруулав. Газрын тос болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний импортын үнийн өсөлт, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр 2027 оны 1-р хагаст инфляц өсөх, 2-р хагаст үргэлжлэх магадлалтай байна.
Төсвийн зарлагын өсөлтөд сонгуулийн циклийн нөлөөлөл ажиглагдаж байгааг 2000-2025 оны үзүүлэлтүүдэд хийсэн эконометрик, статистик шинжилгээгээр тогтоов. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулдаг жилүүдэд төсвийн зарлага илүү өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ хамаарлаас сонгууль төсвийн зарлагын өсөлтөд нөлөөгүй гэсэн таамгийг статистикийн аргачлалаар няцааж чадахгүй байна.
2027 онд татварын бус орлогоор бүрдүүлэхээр төсөөлж буй 6.5 орчим их наяд төгрөгийн нэмэгдэл нь төсвийн зарлага 2026 оны 5 дугаар сарын 29-нд батлагдсан 36.5 их наяд төгрөг хэвээр үлдсэн тохиолдолд тэнцвэржүүлсэн тэнцлийн ашгийг 4.7 их наяд төгрөгт хүргэж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.2.2-т зааснаар Төсвийн тогтворжуулалтын сангийн орлого болох байсан гэдгийг зөвлөл дурдав.
Төсвийн орлогын бүтцэд гарч буй өөрчлөлтийн тухайд, өмнөх жилүүдэд төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнгийн 90 орчим хувийг татварын орлого, 10 орчим хувийг татварын бус орлого бүрдүүлж байсан бол 2027 онд энэ харьцаа 80:20 болж өөрчлөгдсөн байна.
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлын хувьд, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаас хойш 22 удаа өөрчлөгдсөн. ДХТХМ-ийг төсөв дагаж өөрчлөгдөхөөс хязгаарлах ТТБТХ-ийн 7.5-р заалт 2025 оноос мөрдөгдөж эхэлсэн ч 2026 оны 08 дугаар сарын 20-нд өргөн мэдүүлсэн өөрчлөлтөөр уг заалтыг хүчингүй болгож, 2027 оны ДХТХМ-д дахин өөрчлөлт оруулж байна.
Голлох эрдсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн төсөөллийн талаар, төсөлд нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 2027 онд 125.4 ам.доллар байхаар, харин зах зээлийн үнийг 68 ам.доллар байхаар тооцжээ. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3.а, 11.1.3.б-д заасан аргачлалын дагуу тооцох боловч зарим жилүүдэд бодит үнээс хэт ялгаатай тогтох нөхцөлийг бүрдүүлж байна.
ДХТХМ-д өөрчлөлт оруулах тохиолдолд хуулийн төслийг өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.6-д заасан үндэслэл, шалтгааныг үзүүлэлт тус бүрээр бодлогын өөрчлөлтөөр тодорхойлж тайлбарлах зохицуулалт хангалтгүй байгааг зөвлөл дүгнэлтэдээ тусгалаа.
Төсвийн зарлага өссөн ч цаашдаа буурахгүй байх. Орлого буурах зүйл гарна. Зарлагыг хожим бууруулж болох мэтээр өсгөөд байна. Өнгөрсөн жил зарлагаа бууруулах гэж төсвөө оруулж ирээд ямар сорилттой тулгарсныг харсан.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

