Төсвийн тодотголд 50 тэрбум төгрөгийн эрчим хүчний импорт тусгагдаж, гишүүд шүүмжилэв

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна. Төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлоход зориулж 50 тэрбум төгрөгийг тусгасан байна.
Засгийн газар он дуусах хүртэлх гурван сарын хугацаанд урд хөршөөс энэ хэмжээний эрчим хүч худалдан авахаар тооцоолжээ.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг энэ асуудлаар тодруулга хийв.
Төсвийн тодотгол хятад улсаас эрчим хүч импортлоход зориулсан 50 тэрбум төгрөгийн татаас орж ирж байна.
Тэрбээр 17:00-21:00 цагийн хооронд л чадлын дутагдал үүсдэг бөгөөд бусад цагуудад илүүдэлтэй байдгийг дурдав. Зөвхөн дутагдалтай үед импортлох ёстой байсан ч он дуусах хүртэл 150 сая кВт.ц авахаар төлөвлөсөн гэж тэр хэлэв. Тариф 9 цент байгаа тул үлдсэн саруудад 50 тэрбум төгрөгийн татаас гарч байна гэж тэр тайлбарлав.
Мөн 50 тэрбум төгрөгөөр зургаан сарын дотор батарей станц ашиглалтад оруулах боломжтой гэдгийг гишүүн онцлов. Оюутолгой жилд 500 тэрбум төгрөгийн цахилгааныг Хятадаас худалдаж авдаг бөгөөд одоо Өмнөговь аймгийг бүхэлд нь хятадаас тэжээх нөхцөл бүрдэж байна гэж тэр үзэж байна.
Диспетчерийн үндэсний төвөөс 40 сая кВт.ц авах санал гаргаж байсан бол одоо 150 сая кВт.ц болсон талаар гишүүн асууж, үүнийг багасгах боломжгүй байсан эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулахыг шаардав.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин Хятадаас авах эрчим хүчээр Өмнөговь аймгийн хэрэглээг хангана гэж хариулав. Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор оргил ачааллын үргэлжлэх хугацаа 17:00-23:00 цаг болсон гэж тэр нэмж хэлэв.
Гишүүн М.Энхцэцэг өдөрт хэдэн цагаар авахаар төлөвлөснийг дахин асууж, оргил ачаалал 17:00-23:00 цаг гэвэл өдөрт зургаан цагаар гурван сард ийм их татаас үүсэхгүй гэдгийг онцлов.
Г.Энхтүвшин татаасыг найм, ес, арав, арваннэгдүгээр саруудад авахаар тооцоолсон гэж хариулав.
Гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Энхтүвшинд хандаж, цахилгаан экспортлох стратегийг 790 сая төгрөгөөр хийж байгааг шүүмжлэв. Тэрбээр өөрсдийн хийх ёстой ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр тендер болгож байгааг тодотгож, тодотгол оруулж ирэх үндэслэл нь үргүй зардлыг багасгах байх ёстой гэж мэдэгдэв.
Г.Энхтүвшин Шадар сайдын ажлын албанаас хуулийн хүрээнд чиг үүргийн дагуу энэ төслийг бусад этгээдээр гүйцэтгүүлэхээр оруулж ирсэн гэж хариулав.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

