Төсвийн тодотгол сар гаруй гацаж, УИХ-ын ээлжит бус чуулган баталж чадсангүй

Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийх зорилготой УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-нд нээлтээ хийснээс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч төсвийн тодотгол батлагдаагүй байна. Аравдугаар сарын 13-ны байдлаар эцэслэн батлахад бэлтгэх үе шатандаа явж байгааг эх сурвалж мэдээлэв.
Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулахыг уриалж, аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаанаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулсан байна.
Гэвч хэлэлцүүлэг сөрөг хүчнээс бус, эрх баригч намын дотоод хагарлаас болж сар гаруй хугацаанд гацаж, ээлжит бус чуулганы хугацаанд батлагдалгүй ээлжит чуулган руу шилжижээ.
Үйл явдлын цаг хугацааны дараалал
- 2026.09.07 — УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийв.
- 2026.09.09 — Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайдын ээжийн эзэмшдэг "Их засаг кингс" дунд сургууль төрөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт гаргасан тухай мэдээллийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир ам алдсан. Төрөөс тус сургуульд санхүүжилт олгох санал тавьсан ч сургуулийнхан хүлээж аваагүй, төсвөөс санхүүжилт олгох хувийн сургуулиудын нэрс дунд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийн нэрийг зориудаар оруулсан гэх маргаан үргэлжилсээр байна.
- 2026.09.10 — Ерөнхий сайд Н.Учрал өөртэйгөө холбоотой асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Сөрөг хүчин мөн АТГ-т шалгуулахаар хандсан.
- 2026.09.14 — Ээлжит бус чуулганы хугацаанд төсвийн тодотголыг баталж амжилгүй ээлжит чуулган руу шилжүүлэв. Төсвийн тодотголд ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэх асуудал тусгагдсан байв. Мөн энэ өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг явуулах сүүлчийн сумыг тавьсан.
- 2026.09.15 — УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн. АН-ынхан гурав хоногийн завсарлага авсны дараа МАН доторх 30 талынхан эрчимтэй дуугарч эхэлсэн. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад анхааруулга өгч, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан огцроод, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан улс төрийн тогтолцоог шинээр өөрчлөх тухай дуугарч, хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай "үзэлцэж" эхэлсэн. Энэ үйл явдал удахгүй болох баривчилгаатай холбоотой байсан нь сүүлд "уншигдсан".
- 2026.09.22 — ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилсноор Засгийн газар нэг хэсэгтээ амьсгаа авсан ч шатахууны хомсдол, малын халдварт өвчин, баавгайн асуудал хэвээр байна.
- 2026.09.25 — 43 их наяд төгрөгийн зардалтай ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлсэн. АН-аас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ир гэсэн шаардлага ярьж эхэлсэн.
Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлснээ мэдэгдэж байсан. Намар болоход намынх нь гишүүд уг бичигт итгэхээ байж, Н.Учрал чуулганы танхимаас "Ардчилсан намынхаан намайг огцруулах бичгээ өргөн барьчих л даа" хэмээн даапаалж байжээ.
Үүнээс хойш Ерөнхий сайд Япон улсад айлчилж, Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод ирсэн. Засгийн газар ирэх оны төсөвт оруулж тооцоод, зарцуулалтыг нь төлөвлөчихсөн 3 их наяд төгрөгөө "Оюу толгой"-гоос "нэхээд" амжсан байна.
МАН-ын бүлэг төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-нд багтааж батална хэмээн мэдэгдээд буй.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

