Төрийн гурван өндөрлөг шилэн дансанд татварын зарцуулалтаа бүрэн байршуулахгүй байна

AI мэдээ
Төрийн гурван өндөрлөг шилэн дансанд татварын зарцуулалтаа бүрэн байршуулахгүй байна

Төсвийг захиран зарцуулах эрхтэй 36 ерөнхийлөн захирагчийн дунд Засгийн газрын 20 сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар зэрэг 16 албан тушаалтан багтдаг. Тэд батлагдсан төсвөө харьяа байгууллагуудад шилжүүлж, зарцуулалтыг shilendans.gov.mn-д нээлттэй байршуулах үүрэгтэй.

Татвар төлөгчид мөнгөө хаана зарцуулсныг үнэн зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, тогтоосон хугацаанд, тогтмол мэдээлэх ёстой. Гэвч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энэ шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг шилэн данснаас шалгахад хангалтгүй байна.

Шилэн дансны "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ" хэсгээс татварын мөнгө ямар үйл ажиллагаанд зарцуугдсаныг харах боломжтой.

Ерөнхийлөгчийн тамгын газар

Ерөнхийлөгчийн тамгын газар 2026 онд 30.5 тэрбум төгрөгийн зардал гаргахаар төсвөө батлуулсан. Гэвч тус байгууллага дээрх хэсэгт он гарснаас хойш ямар нэгэн мэдээлэл оруулаагүй байна.

Тус хэсэгт Ерөнхийлөгчийн гадаад, дотоод томилолт, шагнал урамшуулалд гаргасан зардлын мэдээллийг нээлттэй байршуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой.

Мөн "Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг" хэсэгт 2026 он гарснаас хойш ганц ч мэдээлэл оруулаагүй.

Ерөнхийлөгчийн тамгын газар 30.5 тэрбум төгрөгийн төсвөөс есдүгээр сарын байдлаар 24.7 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх ерөнхий дүнг тавьсан ч 5 сая төгрөгөөс дээш мөнгөн дүнг хэрхэн зарцуулснаа танилцуулаагүй.

Санхүүгийн тайлан хэсэгт 2026 оны эхний хагас жилийн тайлан гэх агуулгатай эксэл файл байршуулсан. Файлыг нээж үзэхэд бүхэл дүнтэй тоон мэдээлэл ямар утга агуулгатайг тайлбарлаагүй, зөвхөн ерөнхий дүнтэй тоонуудыг жагсаасан байна.

УИХ-ын Тамгын газар

УИХ-ын Тамгын газар 2026 онд 145.4 тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаар батлуулсан. Тус байгууллага ч Ерөнхийлөгчийн тамгын газартай адил юунд зарцуулснаа шилэн дансанд хангалттай бүрэн байршуулаагүй.

"Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ" хэсэгт сар бүр мэдээлэл оруулж байгаа ч интернетийн төлбөр, суурин утасны төлбөр төлсөн гэхээс өөр зүйл байсангүй.

Наймдугаар сарын байдлаар УИХ-ын тамгын газар 73.1 тэрбум төгрөгийн батлагдсан төсвөөс 52.6 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж ерөнхий дүнг тайлагнасан атлаа яг юунд, хэрхэн зарцуулсан мэдээллээ тодорхой байршуулаагүй. УИХ-ын гишүүдийн төсөвт 62.6 тэрбум төгрөгийг баталж, наймдугаар сарын байдлаар 44 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Жишээлбэл УИХ-ын дарга С.Бямбацогтын өнгөрсөн сард Люксембургийн Их Гүнт улс, Бельгийн хаант улсад хийсэн албан ёсны айлчлалд хэдэн төгрөг зарцуулсан, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан мэдээллийг нээлттэй байршуулах ёстой.

Ерөнхий сайд

Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг 2026 оны гуравдугаар сарын 27-нд үүрэгт ажлаас чөлөөлж, дөрөвдүгээр сарын 30-нд Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсон.

Ерөнхий сайд 2026 онд 362.3 тэрбум төгрөгийн төсвийг захиран зарцуулахаар батлуулж, есдүгээр сарын байдлаар 286.7 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх ерөнхий дүнг шилэн дансанд байршуулжээ. Гэвч хэзээ, ямар зориулалтаар, хэрхэн зарцуулсныг бүрэн байршуулаагүй.

"Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ" хэсэгт 2026 он гарснаас хойш ямар ч мэдээлэл оруулаагүй. Бараа үйлчилгээний бусад зардал гэх зориулалтаар 88 тэрбум төгрөг зарцуулсан ч ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл огт байхгүй.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ