Томуугийн дэгдэлттэй үеэр 12 эрүүл мэндийн байгууллагад 1,607 хүүхдийн ор дэлгэнэ

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеэр нийслэлийн есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1,607 хүүхдийн тусламжийн ор дэлгэхээр төлөвлөсөн байна.
Энэ тухай нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар мэдэгдэв.
"Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад 772 хүүхдийн тусламжийн ор дэлгэсэн байна. Томуугийн дэгдэлтээс хамаараад 115 хувь буюу 1,607 ор хүртэл дэлгэхээр төлөвлөсөн"
Тэрбээр томуугийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд эмнэлэгт өвчлөл 20 хувь, хэвтэн эмчлүүлэх 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалсан гэдгийг дурдав.

Баянгол дүүрэгт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 54.2 хувьд хүрчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллах үеэр эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хөнгөвчлөх тасгийг өргөтгөх, эмнэлгийн дэргэд баригдах хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг хамгийн боломжит хувилбараар шийднэ гэдгээ мэдэгдэв.
Мөн диализын аппаратыг судлахыг үүрэг болгож, иргэдэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж "Томуугийн эсрэг хамтдаа" дархлаажуулалтын аянд хамрагдахыг уриалав.
"Бид энэ өвөл эх, хүүхдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангахаар төрөлжсөн эмнэлгүүдийг бий болгон ажиллаж байна. Эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цаг үнэгүй байгаа ч эмнэлгээр үйлчлүүлээгүй хүмүүс зогсоолд нь машинаа тавьдаг, зогсоол хүрэлцэхгүй хэвээр байна. Энэ асуудлыг судлах хэрэгтэй"
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн энэ оны зургаадугаар сарын байдлаар тус төвд хорт хавдрын 2,672 тохиолдол хянагдаж байгаа нь өмнөх онуудаас 4-5 дахин ихэссэн гэв.
"Хөнгөвчлөх эмчилгээний 10 ор хүрэлцдэггүй. Тиймээс засвар өргөтгөл хийж, 25 ор ажиллуулах шаардлага байна. Хөнгөвчлөх тасаг, мэс заслын өрөөний хүчин чадалтай уялдуулан хүчилтөрөгчийн үйлдвэр барих хэрэгцээ бий. Хүчилтөрөгчийн үйлдвэр барихад Эрүүл мэндийн төвийн хашаан доторх "ХТП – 3168" трансформаторын дэд станцыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдэл хайж байна. Баянгол дүүргийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 52 өвчтөн байдаг. 2016 онд диализын дөрвөн аппарат шинээр суурилагдсан. Үүнээс хойш огт шинэчлээгүй, ачааллаа дийлэхгүй байгаа"
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

