Томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд нээлтээ хийлээ. Энэ жил дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж, дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг хамруулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт эхлүүлж байна.
Засгийн газар энэ жил томуугийн вакциныг 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлж, зорилтот бүлгийн хүн амыг бүрэн хамруулах боломжийг бүрдүүлжээ. Өнгөрсөн жил 300 мянган хүн тун вакцинаар зорилтот бүлгийн 99 хувийг дархлаажуулсан байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлтийн үеэр “Манай улсад томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1-2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна” гэж онцолсон.
Вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцинаар сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Томуугийн вакциныг дараах зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ:
- зургаан сартайгаас зургаан насны хүүхэд,
- жирэмсэн эмэгтэй,
- 65 болон түүнээс дээш насны ахмад настан,
- архаг хууч өвчтэй иргэд.
2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарчээ. Есдүгээр сарын 4-нөөс эхлэн улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1,300 гаруй эмч, мэргэжилтэн дархлаажуулалтыг хийх юм.


Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

