Тираннозаврын биеийн температур хүнийхтэй ойролцоо байсныг тогтоожээ

AI мэдээ
Тираннозаврын биеийн температур хүнийхтэй ойролцоо байсныг тогтоожээ

Чулуужсан шүдийг шинжилснээр эрдэмтэд Тираннозаврын (T.rex) биеийн температурыг тогтоож чадсан гэдгээ мэдэгджээ. Уг араатны биеийн дулаан хүнийхтэй ойролцоо байсан нь харагдаж байна.

Өмнө нь үлэг гүрвэлүүдийг хүйтэн цустай, удаан хөдөлгөөнтэй амьтан гэж үздэг байсан ч дараагийн судалгаанууд тэдгээрийг халуун цустай, биеийн температураа зохицуулж чаддаг байсныг илрүүлсэн. Тираннозаврын хувьд халуун цустай байсан гэдэгт эрдэмтэд санал нийлдэг ч яг хэмжээг нь мэдэхгүй байжээ.

“Бид үүнийг тогтоохын тулд зүгээр л термометр ашиглах боломжгүй шүү дээ” гэж Жон Хопкинсийн Их сургуулийн палеобиологич, судалгаанд оролцоогүй Жасмина Виманн хэлсэн байна.

Эрдэмтэд өсөлт хөгжил, ясны ул мөр зэрэг олон аргаар судалсан ч тодорхой тоон үзүүлэлт гаргаж чадаагүй. Харин сүүлийн судалгаагаар чулуужсан шүдэнд агуулагдах химийн ул мөрийг судалж үр дүнд хүрчээ. Амьтны биеийн температураас хамааран шүдний паалан дахь атомууд өөр өөр хэлбэрээр бөөгнөрдөг байна.

Гурван шүдээс авсан хэмжилтээр биеийн дундаж температур Цельсийн 36 хэм орчим байжээ. Энэ нь орчин үеийн зааны температуртай төстэй бөгөөд хүний биеийн температуртай (Цельсийн 36-37 хэм) ойролцоо юм.

“Бид хамгийн алдартай араатан болох Тирранозаврын биеийн температур хэд байсныг олж тогтоолоо” гэж Лос-Анжелес хот дахь Калифорнийн Их сургуулийн геохимич, судалгаанд оролцсон Арадхна Трипати хэлжээ.

Судалгааны тайлан өчигдөр “Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн.

“Би үүнээс арай өндөр байх болов уу гэж төсөөлж байлаа” гэж Виманн тайлбарлажээ. Тэр шувуудын биеийн температуртай ижил байх ёстой гэж боддог байжээ.

Тираннозаврын биеийн дулааныг мэдэх нь энэ амьтан хэрхэн амьдарч байсныг тогтооход тустай. Халуун, хүйтэнд биеийн температураа тохируулах энэ чадвар нь Тираннозаврыг үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн хүчирхэг араатны нэг болгосон байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Тэд энэ аргаа ашиглан бусад төрлийн үлэг гүрвэлүүдийн биеийн дулааныг хэмжих боломжтойг дурджээ.

“Энэ аргыг ашиглан судлах боломжтой маш олон, сонирхолтой төрөл зүйлүүд бий” гэж Калифорнийн Их сургуулийн геобиологич, судалгаанд хамтран ажилласан Роберт Ийгл хэлсэн байна.

СоёлУншигчдад
3

Холбоотой мэдээ