«The Assassin(s)» кино маргаан үүсгэж, жүжигчний гэрийн ойролцоо эсэргүүцэл болов

1974 онд ерөнхийлөгч Пак Чун Хигийн амь насанд халдах оролдлогын тухай «The Assassin(s)» уран сайхны кино Өмнөд Солонгосын нийгэмд маргаан дэгдээж байна. Уг халдлагын үеэр Пак амьд үлдсэн ч гэргий Юк Ён Сү амиа алдсан юм.
Албан ёсны мөрдөн байцаалтаар Японд оршин суудаг солонгос иргэн Мүн Сэ Гван халдлагыг Умард Солонгосын заавраар гүйцэтгэсэн гэж үздэг. Харин өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн энэ кинонд уг халдлагад Өмнөд Солонгосын засгийн газар болон тагнуулын байгууллагын албан тушаалтнууд оролцсон байж болзошгүйг харуулсан.
Үүнээс үүдэн зарим шүүмжлэгч киноны түүхийг гуйвуулсан, худал таамагт үндэслэсэн гэж буруушааж байна.

Ням гарагт консерватив үзэл баримтлалтай иргэний нийгмийн төлөөлөгчид Сөүл хотын Сонбук дүүрэгт киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Ю Хэ Жиний гэрийн ойролцоо эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, уучлал гуйхыг шаардсан байна. Тэд мөн киног театруудын үзвэрээс буцааж татахыг шаардсан.
Даваа гарагт жүжигчин Ю Хэ Жиний харьяалагддаг VAST Entertainment агентлаг эсэргүүцлийг үл хайхран хатуу байр суурь баримтлахаа мэдэгджээ.
«Бүд жүжигчний хувийн орон зайд халдсан, аюулгүй байдалд заналхийлсэн, нэр хүндийг нь гутаасан аливаа үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авах болно»
гэж тус агентлаг мэдэгдэлдээ дурдаад эсэргүүцэгчдийн үйлдэл бүрийг баримтжуулж байгаагаа анхааруулсан байна.
Өмнөд Солонгосын соёлын сайд Чэ Хви Ён ч эсэргүүцэгчдийн үйлдлийг шүүмжилсэн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр сошиал хуудсаараа дамжуулан жүжигчид, уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаа болон хууль сахиулах байгууллагуудад уриалсан байна.
«Хүмүүс киног өөрсдийн үзэмжээр дүгнэх эрхтэй ч уран бүтээлчдийн хувийн аюулгүй байдалд заналхийлэх нь ардчиллыг устгах үйлдэл юм»
гэж сайд мэдэгджээ.
Гэрийнх нь гадаа цугласнаас гадна шүүмжлэгчид сошиал орчинд Ю Хэ Жиний эсрэг сөрөг сэтгэгдлээр дайрч, түүний сурталчилсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг уриалж, түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлахыг компаниудаас шаардаж байна.

Өчигдөр кино урлагийн 19 байгууллага хамтарсан мэдэгдэл гаргаж, киноны жүжигчид, уран бүтээлчдийн талд байгаагаа илэрхийлсэн байна.
Маргаан зөрчил «The Assassin(s)» киноны төлөвлөгдсөн арга хэмжээнд нөлөөлж эхэлсэн. Тус киног бүтээсэн компани аюулгүй байдлын үүднээс 31 дэх Пусаны Олон Улсын Кино Наадмын үеэр зохион байгуулах нээлтийн ёслол, гадаад зураг авалтын арга хэмжээгээ цуцалжээ.
«The Assassin(s)» кино одоогоор Өмнөд Солонгосын кино театруудад эрэлтээрээ тэргүүлж, Даваа гарагийн байдлаар тасалбарын борлуулалт нь хоёр саяыг давсан байна.
Холбоотой мэдээ

Ойн түймэр экосистемд их хохирол учруулдаг гэв

Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

Хүннү нар нар, сарыг шүтэж, нуурын толинд тусгаж тангараг өргөдөг байжээ

Утга зохиолын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ

🕊️ АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлгийн хэсгээс

