Тавантолгой Түлш энэ улиралд 427 мянган тонн түлш түгээнэ

AI мэдээ
Тавантолгой Түлш энэ улиралд 427 мянган тонн түлш түгээнэ

Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улирлын нээлтээ хийж, борлуулагч нарт зориулсан мэдээлэл өгөх өдөрлөгийг Хүүхэд залуучуудын театрт зохион байгуулж байна. Энэ жилийн өдөрлөгт нийслэлийн долоон дүүрэгт түлш борлуулах байнгын цэг ажиллуулах 446 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцжээ.

Компанийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өдөрлөгийг нээж үг хэлсэн байна. Тэрбээр "Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд 427 мянган тонн түлшийг нийслэлчүүдэд түгээнэ. Бид өнгөрсөн жилүүдэд мидлингээр түлш хийж байсан бол энэ жил Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угаан баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн түлш үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлнэ. Завсрын бүтээгдэхүүнээр түлш хийдэг байсан бол энэ жил зөвхөн нийслэлчүүдэд зориулсан сайн чанарын, зорилтот түүхий эдээр түлш хийж байгаагаараа онцлог. Товчхондоо нүүрсний уурхайн өрмөөр нь түлш хийнэ гэсэн үг" гэж онцолсон.

Мөн тэрбээр энэ жил түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахыг зорьж буйгаа хэлсэн. Өнгөрсөн жил нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан. Энэ жил уг үр дүнгээ бууруулахгүй, ахиулахаар ажиллаж байгаа аж. Үүний тулд Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана. Харин иргэдэд түгээхэд борлуулагчидтай хамтран ажиллана гэдгийг хэлээд, үйлчлүүлж байгаа иргэддээ үнэн зөв мэдээллийг маш тэвчээртэй хүргэж ажиллахыг хүсч, борлуулагч нарт амжилт хүсжээ.

Өдөрлөгт Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, борлуулалт, түгээлт, технологи зэрэг бүх чиглэлийн хэлтэс, албаны мэргэжилтнүүд оролцож, борлуулагч нарт мэдээлэл өгч байна. Энэ жилийн бас нэг онцлог нь Хотула апплейкшнээр борлуулалтын цэгүүдийн түлшний хангамжийг харах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл түлш хаана хомстолтой, аль цэгт илүүдэлтэй байгааг гар утсаараа харж болно. Мөн борлуулагч нар захиалсан түлшээ хаана явж байгааг Улаанбаатар хотын газрын зураг дээр харж болохоор болсон байна.

Тавантолгой Түлш ХХК энэ халаалтын улиралд нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын байнгын 446 цэг ажиллуулж, шаардлагатай тохиолдолд нээх 54 цэгийг нөөцөлж байна. Борлуулалтын цэгүүд 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шахмал түлш борлуулж эхэлнэ.

Нийгэм, эдийн засагЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлУншигчдад
1

Холбоотой мэдээ