Тайландын нисэх буудалд бүртгэлтэй ачаа тээшийг нээж шалгах журам эхэллээ

Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газар (CAAT) 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүртгүүлсэн ачаа тээшинд үзлэг, шалгалт хийх шинэ журмыг мөрдөж эхэллээ. Энэ нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах, олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын стандартыг мөрдүүлэх зорилготой гэж тус газар мэдэгдэв.
Шинэ журмын дагуу
- Нисэх буудлын аюулгүй байдлын ажилтан бүртгүүлсэн ачаа тээшинд сэжигтэй болон хориотой эд зүйл байгаа гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд зорчигчийг байлцуулахгүйгээр нээж шалгах эрхтэй.
- Ачаа тээшийг нээж шалгах үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, шалгалт хийсэн тухай мэдэгдэх хуудас тээшинд байршуулна.
- Хориотой болон аюултай эд зүйл илэрвэл холбогдох хууль, журмын дагуу хураан авч, буцаан олгохгүй.
Зорчигчдод анхааруулж буй зүйл
- Тэсрэх бодис, галт зэвсэг, сум хэрэгсэл болон агаарын хөлөг, зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй бусад эд зүйлийг холбогдох дүрэм, журмын дагуу тээвэрлэхийг хориглоно.
- Power bank буюу зөөврийн цэнэглэгч болон Lithium Battery-г ачаа тээшинд хийхийг хатуу хориглож, зөвхөн гар тээшинд авч явахыг шаардаж байна.
- Нислэгийн өмнө ачаа тээшиндээ хориглосон, аюултай эд зүйл байгаа эсэхийг урьдчилан нягталж, агаарын тээврийн аюулгүй байдлын шаардлагыг мөрдөх.
- Үнэт эдлэл, бичиг баримт, амархан гэмтэх эд зүйлс болон хувийн чухал эд хөрөнгөө бүртгүүлсэн ачаа тээшинд хийхээс зайлсхийх.

Энэхүү журам нь бүх зорчигчийн ачаа тээшийг заавал нээж шалгана гэсэн үг биш бөгөөд сэжигтэй болон хориотой эд зүйл байгаа гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд хэрэгжинэ гэдгийг онцолж байна.
Тайландын Хаант Улсаас агаарын тээврээр зорчих иргэд нислэгийн өмнө ачаа тээшээ холбогдох дүрэм, журамд нийцүүлэн бэлтгэж, нисэх буудлын аюулгүй байдлын шаардлагыг мөрдөхийг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Суварнабхуми нисэх буудлын цахим хуудснаас авах боломжтой.
Монгол Улсын иргэд тус улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой гэдгийг сануулъя.
Эх сурвалж: Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин Сайдын Яам
Холбоотой мэдээ

Хар тамхи 10 жил хэрэглэсэн иргэн: Онлайн дэлгүүрээс захиалах нь хувцас захиалахаас ч амархан болсон

Нүүрсний тээвэрт "цүнхний" компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч байна гэв

KFC-ийн АНУ дахь салбарууд 2027 оноос Coca-Cola худалдаалж эхэлнэ

Нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрч, чанаргүй зээл 2.6 их наяд болжээ

Цэрэг татлага нийслэлд гурав хоног үргэлжилнэ

