Тайландад 100 сая бат завшсан хэргээр Буддын шашны ламтныг баривчилжээ

AI мэдээ
Тайландад 100 сая бат завшсан хэргээр Буддын шашны ламтныг баривчилжээ

Эртний нийслэл Аюуттаяа хотын 14 дүгээр зууны үеийн алдарт "Ват Путтайсаван" хийдийн тэргүүн лам Пхра Вачираян Ви-г Баасан гарагт баривчилжээ. Тэрээр сүсэгтнүүдийн хандивын мөнгийг хоёр жилийн хугацаанд 20 гаруй удаагийн үйлдлээр хулгайлсан хэрэгт буруутгагдаж байна.

Цагдаа нар Пүрэв гарагт ламтны гэрт нэгжлэг явуулахад 100 гаруй сая батын дүнтэй бэлэн мөнгө, алтан гулдмай илэрсэн байна. Мөнгөө шөнө дунд хүртэл тоолсныг Тайландын The Nation сонин мэдээлжээ.

Мөрдөн байцаагч Паттаннасак Буппхасуван хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ: "Эдгээр хоёр эх үүсвэрээс орж ирсэн мөнгөний аль нь ч хийдийн дансанд ороогүй байна. Ганц ч бат ороогүй" гэжээ. Цагдаа нар хийдийн засварын хандив болон сахиус, шүтээний төлбөр гэсэн мөнгөний хоёр эх үүсвэрийг илрүүлсэн байна.

Ламтны гэрийн хяналтын камерын бичлэгээс түүнийг нэгэн эмэгтэйтэй хоолны ширээн дээр бэлгийн харилцаанд орж буй дүрс олдсон байна. Мөрдөгчид уг эмэгтэйн 47 настай Пуняави Рунгруеанг гэгчийг төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагаанд хамсаатнаар оролцсон үндэслэлээр баривчилжээ.

Хамсаатан эмэгтэйн гэрээс 6.04 сая батын үнэ бүхий 35 ширхэг алтан сахиус, 1.5 кг орчим алтан гулдмай зэрэг үнэт эдлэл илрүүлсэн байна. Тэрээр ламтны завшсан эд хөрөнгийг захиран зарцуулахад тусалдаг байсан гэж үзэж байгаа бөгөөд банкны дансаар жил бүр олон арван сая бат эргэлдэж байсныг батлах баримт илэрчээ.

Тайландын Буддын шашны лам нар гэр бүл, бэлгийн харилцаанд орохгүй байх ам тангараг өргөж, эд хөрөнгөөс татгалздаг уламжлалтай тул ламтныг баривчлагдсаны дараа сахилаас нь чөлөөлжээ. Жил гаруйн өмнө бас нэг өндөр мяндагтай ламтай холбоотой эд хөрөнгө, садар самууны хэрэг ил болж, Тайландын нийгмийг цочроож байсан юм.

Сая баривчлагдсан 66 настай ламтан сүсэгтнүүдэд зориулсан зоосон сахиус урладгаараа алдартай байжээ. Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракулд хүртэл түүний бүтээсэн зарим сахиус хадгалагддаг гэнэ.

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр ламтны ёс зүйгүй үйлдлийн талаар нэрээ нууцалсан эх сурвалжийн өгсөн мэдээллийн дагуу долдугаар сарын дундаас хойш уг хэргийг шалгаж эхэлсэн байна. Тайландад өндөр мяндагтай лам нар засгийн газраас тэтгэмж авдаг тул төрийн албан хаагчид тооцогддог.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ