Сүүлийн 5 жилд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгажээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг. Энэ өдөр Улсын Ерөнхий Прокурорын Газраас цагаатгах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг прокурорын байгууллага ханган ажилладаг.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн хүсэлт, иргэдийн өргөдлийг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгадаг аж.
1990 оноос хойш прокурорын байгууллага дээрх хуулийн үйлчлэлд хамаарах 24,907 хэрэгт хяналт тавьжээ. Үүний үр дүнд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 2,779 хүнийг прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцон цагаатгаж, ял шийтгүүлсэн 24,592 хүнийг цагаатгуулахаар Улсын дээд шүүхэд эсэргүүцэл, дүгнэлт бичиж, цагаатгуулах шийдвэр гаргуулжээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн эсэхийг тогтоох зорилгоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 993 хэрэгт шалгах хэрэг үүсгэн хяналт тавьж, 243 хүнийг цагаатгасан байна.
Цагаатгагдсан 243 хүний 169-ийг прокурорын тогтоолоор, 74-ийг Улсын дээд шүүхийн шийдвэрээр цагаатгасан гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

