Сургуулийн эмч эцэг эхийн зөвшөөрөлгүй вакцин хийсэн гэх гомдол гарлаа
Саппорогийн ард байрлах "Хөгжил 80 дугаар цогцолбор сургууль"-д 10 дугаар ангийн сурагчдад сахуу, татрангийн товлолт вакцин хийх явцад эцэг эхэд урьдчилан мэдээлэл өгөхгүй, зөвшөөрөл авахгүй байсан гэх гомдол гарлаа.

Гомдол гаргагч З.Эрдэнэжаргалын хэлснээр түүний хүү таван наснаас хойш ямар нэгэн товлолт болон бусад вакцинд хамрагдаагүй байна. Өмнөх ангийн багш хүүхдийн вакцинжуулалтын талаар мэддэг байсан тул ийм асуудал гарч байгаагүй. Харин энэ хичээлийн жилд ангийн багш шинээр солигдож, эцэг эхэд вакцинжуулалтын мэдээлэл өгөөгүй байна.
Тэрбээр өнөөдөр хүүхдэдээ вакцин хийлгэхгүй байхыг урьдчилан хэлээд сургууль руу нь өөрөө очжээ. Сурагч ангийн багштаа "Ээж вакцин битгий хийлгээрэй гэсэн" гэж хэлсэн ч багш нь эмчид өөрт нь хэлэхийг зөвлөсөн байна. Сурагч эмчид вакцин хийлгэхгүй гэдгээ мэдэгдсэн боловч 15 настайд хийх сахуу, татрангийн эсрэг товлолт вакциныг үл харгалзан хийжээ.
З.Эрдэнэжаргалын ярьснаар хүүхэдтэйгээ ярьснаас хойш 10 орчим минутын дараа сургууль дээр очиход вакциныг хийчихсэн байсан. Тэрээр сургуулийн эмч нараас "Хүүхэд вакцин хийлгэхгүй гэдгээ хэлсэн байхад яагаад хийсэн бэ?" гэж асуухад "Явдаг газраараа яв, гомдлоо гаргаарай" гэх зэргээр хариулсан. Мөн хүүхэд нь гадаад руу зорчих тохиолдолд вакцинд хамрагдаагүй гэх шалтгаанаар зорчих боломжгүй болно гэсэн тайлбар өгсөн гэжээ.
З.Эрдэнэжаргал хүүхдээ таван наснаас хойш товлолт болон бусад вакцинд хамруулаагүй, эрүүл саруул өсч байгаа хүүхдэд вакцин хийсний дараа ямар нэгэн сөрөг үр дагавар гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудлыг хөндөж байна.
Монгол Улсын дархлаажуулалтын үндэсний товлолд сахуу, татрангийн эсрэг вакциныг 15 насанд хийхээр тусгасан. Сургуулийн орчинд товлолын вакцин хийхдээ эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, вакцинжуулалтын үйл явцыг холбогдох журмын дагуу зохион байгуулах шаардлагатай. Тиймээс тухайн сургууль сурагчдад вакцин хийхээс өмнө эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгсөн эсэх, зөвшөөрөл авсан эсэх, сурагч вакцин хийлгэхээс татгалзсан тохиолдолд ямар зохицуулалтын дагуу вакцин хийсэн нь анхаарал татаж байна.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

