Сургуулийн 450 сурагч Байтаг Богд, Халх голд хээрийн хичээл хийлээ
Нийслэлийн ЕБС-ийн 1-р сургуулийн 11, 12-р ангийн 450 гаруй сурагч, 20 орчим багш, ажилтан "Эх орны дархан хил" хээрийн танин мэдэхүйн төсөлт хичээлд хамрагдлаа. Төслийг "Сайн Электроникс" компани дэмжсэн байна.
Хичээл есдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд хоёр чиглэлээр явагдсан. Нэг хэсэг нь Хэнтий, Дорнодоор дамжин түүхт Халх гол руу аялсан бол, нөгөө хэсэг нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудыг дамжин нийт 2000 гаруй километр замыг туулан Байтаг Богд, Бүдүүн Харгайтыг зорьжээ.
Аяллын үеэр сурагчид хилчид ашигладаг зэвсэг техник, хувцас хэрэглэлтэй танилцаж, жагсаалын талбайн уур амьсгалыг мэдэрсэн. Түүнчлэн Бодончийн хавцлаар аялж, Захчин болон Торгууд түмний ахуй соёлтой танилцахын сацуу говь, хангай хосолсон экосистемийн ялгааг ажиглаж, хариуцлагатай аяллын зарчимд биеэр суралцсан байна.
Сурагчид аяллаа дүгнэн түүх, газарзүй, байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийж, видео тайлан, ханын сонин, танилцуулга хэлбэрээр үзсэн хичээлээ хамгаалах юм.
Хил, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгож, эх оронч сэтгэлгээг мэдрүүлэхийг зорьсон энэхүү аяллыг "Сайн Электроникс" компани дэмжин хамтран ажилласан бөгөөд хүүхэд багачуудын боловсролыг цаашид ч үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдлээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

