SpaceX-ийн Starship анх удаа тойрог замд хүрч, нислэг хугацаанаасаа өмнө дуусав

SpaceX компанийн Starship аварга хөлөг Даваа гарагт анх удаа дэлхийн тойрог замд хүрч, Starlink хиймэл дагуулуудыг байрлуулсан ч аюулгүй байдлын үүднээс нислэгийг хугацаанаас нь өмнө зогсоожээ.
Техас мужаас хөөрсөн хөлөг гурван цагийн дараа Номхон далай дээгүүр агаар мандалд буцаж орж, Хавайн арлуудын хойд хэсгийн усан дээр буусан байна.
Тус компани энэ туршилтаараа НАСА-гийн Artemis хөтөлбөрт бэлэн байгаагаа харуулах зорилгоор Starship-ийг дэлхийг зургаан удаа тойрох 10 цагийн нислэг үйлдүүлэхээр төлөвлөж байжээ.
Хөлөг далайн мандал дээр буухдаа хажуу тийшээ хэлбийж, галд автсан байна.
Хөдөлгүүрүүдийн нэг нь хугацаанаас өмнө унтарснаар тойрог замд хүрэх боломжгүй болох эрсдэл үүссэн ч бусад систем хэвийн ажиллаж, асуудалтай хөдөлгүүр цаашид шаардлагагүй болсон тул удирдлагын баг төлөвлөгөөний дагуу нислэгийг үргэлжлүүлэхээр шийдсэн байна.
НАСА-гийн захирал Жаред Айзакмэн SpaceX-д баяр хүргэхдээ "нислэгийн үе шат бүрийг аюулгүй, хариуцлагатай, урам зориг өгөхүйц байдлаар удирдсан" гэж онцолжээ.
Энэ туршилтын үеэр SpaceX дэлхийн тойрог замд ажиллаж буй Starlink системийн 11,000 хиймэл дагуул дээр хамгийн орчин үеийн хийцтэй 26 хиймэл дагуулыг нэмж байрлуулахаар тээвэрлэсэн байна. Хиймэл дагуулуудыг нэг нэгээр нь тойрог замд байрлуулсны дараа нислэгийг эрт дуусгах шийдвэр гарчээ.
Хөөргөх шатанд хөдөлгүүрт гарсан доголдлын улмаас "аюулгүй байдлыг хангахын тулд" ийм шийдвэр гаргаснаа SpaceX сүүлд тайлбарласан байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Техас мужийн өмнөд хэсгээс Starship-ийг 14 дэх удаагаа хөөргөсөн нь энэ юм. Өмнөх туршилтууд дэлхийг бүрэн тойрч байгаагүй бөгөөд Энэтхэгийн далай хүртэл нисээд буудаг, зарим тохиолдолд осолддог байжээ.
Энэ удаа хөлгийг газраас 275 км-ийн өндөрт дэлхийг зургаан удаа тойруулаад 10 цагийн дараа Чилийн баруун эргээс холгүй Номхон далайд буулгах төлөвлөгөөтэй байв. Хөлөг хүрэх ёстой өндөртөө хүрсэн ч дэлхийг хоёр удаа тойрсны дараа хугацаанаас нь өмнө буулгах шийдвэр гарсан байна.
Starship-ийг дараагийн удаа хөөргөхдөө хуурай газар дээр аварга том робот гарын тусламжтай буулгах юм. Хэрэв энэ туршилт амжилттай болбол дараагийн нислэгийг энэ оны сүүл, эсвэл ирэх оны эхээр төлөвлөжээ.
124 метр өндөр Starship хөлөг анхнаасаа дахин ашиглах зориулалттайгаар бүтээгдсэн бөгөөд энэ нь сансрын аяллын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах ач холбогдолтой юм. Илон Маск анх Starship-ийг Ангараг гарагт хүрэхэд зориулан бүтээсэн бөгөөд одоохондоо сарны аялалд төвлөрөн ажиллаж байна.
Ойрын хэдэн жилийн дотор уг хөлөг SpaceX-ийн одоо ашиглаж буй Falcon 9 пуужинг ашиглалтаас гаргах юм. Одоогоор Starship-ийг хөөргөх газрын станц зөвхөн Техаст байгаа ба хоёр дахийг Флорида мужийн Кеннедийн Сансрын Төвд байгуулаад дуусах шатандаа орж байгаа. Гурав дахийг Луйзиана мужийн нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

