Сонгинохайрханы орон сууцны төсөлд 210 нэгж талбарыг чөлөөлжээ

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутагт "Ханын материал орон сууцжуулах төсөл" хэрэгжиж байгаа бөгөөд 2025-2032 онд хоёр үе шаттайгаар нийт 20.7 га талбайг хамарна.
Эхний шатанд 12.6 га талбайд 1,800 айлын, хоёрдугаар шатанд 8.1 га талбайд 1,200 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн ерөнхий инженер О.Эрдэнэ-Отгон: "Төслийн хүрээнд 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн. Үлдсэн гурван нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас зохион байгуулж байна" хэмээв.
Эхний ээлжийн 1,800 айлын барилгын ажлыг "Материалимпэкс" ХК, "Материалимпэкс констракшн" ХХК, "Конконсалтинг" ХХК нарын түншлэл гүйцэтгэж байна. Зургаан блок бүхий 690 айлын барилгын угсралт 50 хувийн гүйцэтгэлд хүрчээ.
"Материалимпэкс констракшн" ХХК-ийн төслийн удирдагч П.Баатарцэрэн: "Эхний ээлжийн зургаан блок барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төсөл нь нийт 12.6 га талбайг хамрах бөгөөд 400 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барихаар төлөвлөсөн" гэлээ.
Түүнчлэн 550 ил авто зогсоол, 870 гаруй дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зам барихаар төлөвлөжээ.



Блок тус бүрд хана, баганын арматурчлал, хэв хашмал угсрах, нэгдсэн дулаан зогсоолын барилга угсралт, давхар тус бүрийн цутгалт, цонх суулгах ажлыг хийж байна. Төслийн талбайд 180 м.куб хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр байрлуулжээ.
Холбоотой мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртжээ

НӨАТ-ын сугалааны тохирол: хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

Увс аймгийн Тариалан суманд 26 настай эмэгтэй малаа хайж яваад сураггүй болжээ

Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

