Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт стент тавих эмчилгээ хийгдэх болжээ

AI мэдээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппарат суурилуулжээ. Ингэснээр тус эмнэлэгт титэм судасны оношилгоо, эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судас дотуурх оношилгоо, эмчилгээг хийх боломж бүрдэж байна.

Өмнө нь иргэд энэ төрлийн эмчилгээг улсын хоёрдугаар, гуравдугаар эмнэлэгт хийлгэдэг байсан бол одоо дүүргийн эмнэлэгт үзүүлэх боломжтой болсон гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Ангиографийн аппаратыг ашиглаж дараах эмчилгээг хийх боломжтой:

  • Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх
  • Стент тавих (судас тэлэгч)
  • Хөл, гарын захын судасны бөглөрөл, нарийслыг эмчлэх
  • Тархины судасны эмгэгт судас дотуурх эмчилгээ хийх
  • Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх
  • Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судас дотуурх аргаар эмчлэх
  • Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийх

Герман улсын "Siemens healthineers" үйлдвэрийн Artis Zee Biplane загварын энэхүү аппаратыг дүүргийн төсвийн 5.5 тэрбум төгрөгөөр худалдаж авчээ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 100 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж, жилд 150,000 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтайгаар 2021 онд ашиглалтад орж байв.

Эрүүл мэндУншигчдад
2

Холбоотой мэдээ