Сирийн нууц реактор цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шууд ашиглагдах боломжтой байсныг НҮБ тогтоожээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хяналтын байгууллага Сирийн дарангуйлагч Башар аль-Ассадын дэглэмийн үед дуусах шатандаа явж байсан нууц цөмийн реактор цөмийн зэвсэгт ашиглах материал үйлдвэрлэх боломжтой байсныг тогтоосон нь өчигдөр зарлагджээ.
Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн (IAEA) мэргэжилтнүүд өнгөрсөн сард Дейр эз-Зор мужийн нууц байгууламж болон Сирийн засгийн газраас зааж өгсөн өөр нууцлаг газруудад танилцаж ирсэн аж.
Даваа гарагт Вена хотноо сэтгүүлчидтэй уулзах үеэрээ IAEA-ийн тэргүүн Рафаэл Гросси хэлэхдээ, “өмнөх дэглэм хэд хэдэн нууц газарт үйл ажиллагаа явуулж байсан нь илт харагдаж байна. Тэд өөрсдийнхөө хийж буй зүйлийн талаар дэлхий дахинд мэдээлэхийг хүсээгүй бололтой” гэжээ. Түүнчлэн “Энэ төрлийн реакторын тохиргоо, техникийн онцлогийг харгалзан үзвэл, энэ нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шууд ашиглаж болох задардаг материал үйлдвэрлэх бүрэн боломжтой юм” гэсэн байна.
Ассадын дэглэмийн үед Сирийн зүүн бүсийн Дейр эз-Зор мужид Умард Солонгос улс цөмийн реактор байгуулж өгсөн гэх мэдээлэл байдаг. 2024 оны арванхоёрдугаар сард Ассадын дэглэм нуран унасны дараа Сирийн одоогийн удирдагчид IAEA-ийн мэргэжилтнүүдийн нууц байгууламжуудад нэвтрэх боломжийг олгожээ.
Израил улс 2018 онд Сирийн нууц байгууламж руу 11 жилийн өмнө маш нууц агаарын цохилт хийснээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэр цохилтоос нэг жилийн дараа буюу 2008 онд АНУ Сири цөмийн реактор нууцаар бүтээж байгааг буруушаан, Израилийн устгасныг анх зарлаж байв.
Шалгалтын явцад 73 тонн орчим байгалийн ураны металл илрүүлснийг Гросси мэдээлжээ. Эдгээрийг илрүүлэхийн тулд мэргэжилтнүүд “зузаан ханыг нурааж, нарийн, хэцүү замаар явж” хүрсэн гэж тэр тайлбарласан байна. “Хамгийн чухал нь одоо эдгээр материалууд аюулгүй газарт байгаа” гэж тэр хэлж, мэргэжилтнүүд камер байрлуулж, алсаас хянах боломжтой болсныг дурджээ.
Материалууд Сирид үлдэх эсвэл гадагш нь зөөх эсэхийг асуухад Гросси “Энэ бол Сирийн засгийн газрын шийдэх асуудал. Бид ямар нэгэн хүсэлт тавиагүй. Бидний хувьд эдгээр материалуудын сүүлийн грамм хүртэл хаана байгааг мэдэж байх нь чухал” гэж хариулжээ.
Байгалийн ураны металлыг боловсруулалгүйгээр цөмийн зэвсэг бүтээхэд шууд ашиглах боломжгүй тул аюулгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Харин үүнийг цөмийн цахилгаан станцуудад ашиглах зорилгоор аюулгүй, найдвартай, баталгаажсан саванд тээвэрлэх боломжтой гэнэ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

