Сингапурын Ерөнхий сайд цалингаа 1.4 сая доллароор нэмэгдүүлэхээр болжээ

Дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн тэргүүн гэгддэг Сингапурын Ерөнхий сайд Лоренс Вонг цалингаа 1.4 сая сингапур доллароор (1.1 сая ам.доллар) нэмэгдүүлэхээр болсон. Түүний жилийн цалин энэхүү өсөлтөөр одоогийн 2.2 сая сингапур доллараас 3.6 сая сингапур долларт (2.8 сая ам.доллар) хүрэх юм.
Сингапурын засгийн газар бүх сайд болон бусад өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэгдүүлэхээр шийдсэнээ зарласан. Ерөнхий сайд Вонг өөрийн нэмэгдэл цалингаа ирэх таван жилийн хугацаанд буяны үйлсэд хандивлахаа амласан байна.
Сайд нарын цалинг нэмэх нь илүү чадварлаг хүмүүсийг татах шаардлагатайг Вонг тайлбарласан. Харин энэхүү шийдвэр ажлын байрны хомсдол, амьжиргааны өртгийн өсөлтөд нэрвэгдэж буй иргэдийн шүүмжлэлд өртөж байна.
Вонг цалингаа нэмэхээс өмнө ч дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдагч байсан. Түүний араас Хонконгийн захирагч Жон Ли (жилд 719,000 ам.доллар), Швейцарын ерөнхийлөгч Гай Пармелин (606,000 ам.доллар) ордог бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жилд 400,000 ам.доллар, Их Британийн ерөнхий сайд Энди Бёрнхэм 230,000 ам.долларын цалин авдаг.
Сайд нарын цалингийн өсөлт иргэдийн дундаж цалингаас эрс өндөр байгааг Вонг хүлээн зөвшөөрсөн. Тус улсын иргэдийн сарын цалингийн голч 5,775 сингапур доллар байдаг. Гэхдээ чадварлаг бизнесмэнүүд, төрийн албан хаагчдыг улс төрд татахад хүндрэлтэй тулгарч буйг тэр тайлбарлажээ.
“Ерөнхийдөө энэ нь надад болон ирээдүйн ерөнхий сайд нарт чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлэх илүү сайн боломж олгоно гэж би бодож байна” гэж тэр хэлсэн.
Сайд нарын суурь цалин ойролцоогоор 1.1 сая сингапур доллар байгаа бол нэмэгдсэнээр 1.2 сая болох юм. Үр дүнгийн гүйцэтгэлд суурилсан урамшуулалтайгаа хамт 1.35 саяд хүрнэ гэж Вонг тайлбарласан.
Сингапурт 2011 оны сонгуулиар Ардын Үйл Хэрэг нам түүхэн дэх хамгийн муу үр дүнд хүрсэн нь сайд нарын цалин хөлстэй холбоотой шүүмжлэлээс үүдэлтэй байсан. Дараа жил нь засгийн газар цалинг бууруулж байжээ. Сайд нарын өндөр цалин авлигаас сэргийлэх ач холбогдолтой гэж эрх баригчид үздэг бөгөөд Транспаренси Интернэйшнл тайлангаар Сингапур хамгийн бага авлигатай улсуудын нэгээр нэрлэгддэг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

