Сингапурт хиймэл оюунаар матрын хуурамч зураг тараасан этгээдийг буруутгав

AI мэдээ
Сингапурт хиймэл оюунаар матрын хуурамч зураг тараасан этгээдийг буруутгав

Сингапурын цагдаагийн байгууллага алдарт усан санд матар орж ирсэн мэт харагдуулан хиймэл оюунаар бүтээсэн зургийг нийтэд тараасан эрэгтэйд хэрэг үүсгэж, шалгалт эхлүүлсэн байна.

Йе Лин нэртэй тус хүнийг худал мэдээлэл тараасан, зураг үүсгэж тараасан аппликэйшнаа устгаж, хууль сахиулах үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр хэрэгт буруутгажээ.

Түүний тараасан зураг Сингапурын олон нийтийн дунд айдас түгшүүр төрүүлсэн байна.

Өнгөрсөн сард тус хот улсын хамгийн том усан сан Панданд давстай усны матар хөвж байгаа тухай иргэдээс мэдээ ирсний дараа Сингапурын усны асуудал хариуцсан үндэсний агентлаг тухайн бүсэд ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хоёр өдрийн турш хориглож байв.

Улмаар эрх баригчид усан санд эрлийн ажиллагаа зохион байгуулж, Сингапурын сэлүүрт завины холбоо, каное завины холбоонд үйл ажиллагаагаа зогсоох үүрэг өгсөн байна.

Гэвч маргааш нь агентлаг матрын зураг хуурамч болохыг тогтоож, цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Хэргийг арваннэгдүгээр сард шүүх хэлэлцэх бөгөөд Мьянмарын иргэн Йе Лин гэм буруутай нь тогтоогдвол шоронд хоригдож, их хэмжээний мөнгөн торгууль хүлээж болзошгүй байна.

Сингапурт худал мэдээлэл түгээх нь гурван жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох, 10,000 хүртэл сингапур долларын (7,800 ам.доллар) торгууль төлөх, эсвэл эдгээрийг аль алиныг нь давхар ногдуулах шийтгэлтэй байдаг.

Харин хууль сахиулах үйл ажиллагаанд саад учруулбал долоо хүртэл жил шоронд хоригдох, мөнгөн торгууль хүлээх, эсвэл эдгээр шийтгэлийг давхар ногдуулах ялтай байдаг байна.

Хууль, эрх зүйУншигчдад
3

Холбоотой мэдээ