ШШГЕГ-ын дарга А.Намсаманд: Сайд томилгоо хийлгэхийн тулд сүрдүүлдэг

AI мэдээ
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд: Сайд томилгоо хийлгэхийн тулд сүрдүүлдэг

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. Тус газрын дарга А.Намсаманд байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл учирч байгаа тул уг мэдээллийг хийж байгаагаа тайлбарлав.

Тэрээр хууль зүй, дотоод хэргийн сайдаас цагдаагийн алба хаагчид хууль бус үүрэг өгсөн байж магадгүй гэдэг мэдээлэл ихээр нийтлэгдэж байгааг дурдаад, холбогдох албаны хүмүүсийн байр суурийг анхааралтай ажиглаж байгаа гэв.

Түүний хэлснээр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй байдлууд бий болсон учраас энэ мэдээллийг хийж байна. ХЗДХ-ийн сайдын шууд томилдог, бүх хорих анги, байгууллагыг хариуцсан тэргүүн дэд дарга төрийн болон албаны нууцын тухай хуулийг удаа дараа зөрчсөн асуудлыг ярьж байсан бөгөөд байгууллагын аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул хуулийн байгууллагад шалгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Мөн ХЗДХ-ийн сайд хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод бүрэн нийцээгүй алба хаагчдыг дэвшүүлэн томил гэсэн шаардлагыг тавьж, одоо ч шахаж байгааг дурдав.

Яамаа, сайдаа хүндлээд тодорхой томилгоонуудыг хийсэн. Тухайлбал, жолоочийнхоо эхнэрийг дарга болго гэсэн болгосон. “Төр хурх” амралт сувиллын газрын дарга болгосон. Мөн тэр жолоочийнхоо төрсөн дүүг дарга болго гэсэн. Архангай аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгосон.

Тэрбээр яамны хяналт шалгалтын газрын дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн төрсөн дүүг дарга болго гэсэн болгосон ч дахин шахаж байгааг хэлэв. Түүнчлэн зарим нэг томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, сүрдүүлдэг гэв.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь байгууллагын үндсэн нэг чиглэл бөгөөд улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн өр төлбөртэй материалыг яамнаас шууд удирддаг. Яамны хяналт шалгалтын газрын дарга өрөөндөө дуудаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удирдаж болохгүй бөгөөд амаараа үүрэг өгдөг. Байгууллагын онцлогийг мэддэг, генерал цолтой хүн ахлах шийдвэр гүйцэтгэгчийг өрөөндөө дуудаад үүрэг даалгавар өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гацаагаад байдаг гэв.

ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй ам.долларын төлбөртэй байна. Өөр нэг сайдын компани 53 тэрбум төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч сайд хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. “Чам мууг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа” гэдэг гэв.

Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй гэж тэрээр мэдэгдлээ.

Хууль, эрх зүйУлс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ