Шатахууны шуурхай штаб: Нийслэлд 900 тонн, орон нутагт 700 тонн автобензин түгээгдлээ

AI мэдээ
Шатахууны шуурхай штаб: Нийслэлд 900 тонн, орон нутагт 700 тонн автобензин түгээгдлээ

Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штаб өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай Улаанбаатар төмөр замын хэмжээнд 67 вагон цистерн буюу 4,000 орчим тонн АИ-92 төрлийн автобензин буухаас өнөөдөр 28 вагон цистерн шатахууныг агуулахад буулгаж байгааг мэдэгдэв.

Өчигдөр Улаанбаатар хотын Шатахуун Түгээх Станцуудад нийт 900 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа АИ-92 төрлийн автобензин түгээсэн бол орон нутгийн 66 шатахуун түгээх станц руу 700 орчим тонн АИ-92 автобензинийг ачилтад гаргасан байна.

Ч.Хишигдалай: "Монгол Улсын шатахууны импорт хангамж тасралтгүй үргэлжилж байна. Есдүгээр сарын 1-10-ны хооронд нийт 21,000 тонн АИ-92 төрлийн автобензинийг импортолсон. БНСУ-аас долоодугаар сард захиалж гэрээ хийсэн бүтээгдэхүүн эхний ээлжид орж ирсэн байна. Тухайлбал 36 вагон буюу 2,000 орчим АИ-92 автобензин Замын-Үүд боомтоор орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажлыг хийж байна" гэлээ.

Сүхбаатар, Замын-Үүд боомтоор орж ирж байгаа шатахууныг буух өртөөд тээвэрлэн хүргэх, буулгаж ШТС-уудад түгээх ажлыг ААН-үүд болон Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газрын холбогдох байгууллагууд хамтарч зохион байгуулж, 24 цагаар тасралтгүй хийж байгааг тэрбээр хэллээ.

Нийгэм, эдийн засагЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлУншигчдад
0

Холбоотой мэдээ