Шатахууны дараалал: БНСУ, БНХАУ-аас нийлүүлэлт нэмэгдэж, нөөц 10 хоногоос давлаа

Улаанбаатар болон орон нутагт шатахууны дараалал дахин уртассан нь ОХУ-аас хийгдэж буй ачилт багассан, мөн улс нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой гэж АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тайлбарлав.
Нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ болон БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээлээд байгааг тэрбээр нэмж хэлэв.
Нийлүүлэлтийн талаар тэрбээр "Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын шатахуун түгээх 95 станцад 1,135 тонн автобензин болон орон нутагт автобензин нийлүүлж ажиллалаа" гэв.
Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагонцистерн буюу 7,686 тонн АИ-92 бензин байгаагаас Толгойт, Дархан, Эрдэнэт, Сайншанд зэрэг өртөөдөд 86 вагонцистерн буюу 5,160 тонн АИ-92 бензин хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүд буулгаж байгааг тэрбээр мэдээлэв.
БНХАУ-аас 8,000 тонн АИ-92 автобензин авахаар гэрээлж, тээвэрлэлт эхэлсэн бөгөөд өчигдөр 10 вагонцистерн шатахуун Улаанбаатар хотод ирснийг түгээж байна. БНСУ-ын тал 12,000 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн болж, аж ахуйн нэгжүүд хуваарилалтаа хийж байгааг тэрбээр хэллээ.
Шатахууны дараалал ихээр үүсэж байгаа нь ОХУ-аас ачигдах хэмжээ багассантай холбоотой гэж Б.Дашпүрэв тайлбарлав. Хэрэв улсын нөөц 20 хоногт хүрвэл аж ахуйн нэгжүүд тэгш хүртээмжтэй үйл ажиллагаа эрхлэх боломжтой болж, дараалалгүй болдог гэв. Одоогоор 10 гаруй хоногийн нөөцтэй байгаа бөгөөд ийм тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн түгээлт жигд бус болж, дараалал үүсэж байна гэж тэрбээр хэлэв. ОХУ-аас АИ-92 шатахууныг үргэлжлүүлэн авч, БНСУ, БНХАУ-аас авах хэмжээгээ нэмж байгааг тэрбээр дурдав. Хүйтрэхээс өмнө нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр онцлов.
Улсаараа шатахууны хомсдолд орж зогсох асуудал байхгүй. Нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаагаас доголдол давтагдаад байна. Иймд дайны нөхцөл байдалтай байгааг сайтар ойлгон хэрэглээгээ танаж, улсын нөөц бүрдүүлэхэд тал талдаа анхаарах хэрэгтэй
Үнийн талаар тэрбээр "БНСУ болон БНХАУ-аас евро-5 стандартын АИ-92 шатахуун авч байна. БНСУ талаас санал болгосон нь харьцангуй хямд байгаа тул евро-5 төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх суурь бий болж байна. Өнөөдөр ОХУ-аас үнийн санал ирнэ" гэлээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

