Сэлэнгэд “Гацуурт” компанийн захирал зургаан адуу дайрч, тав нь үхжээ

AI мэдээ
Сэлэнгэд “Гацуурт” компанийн захирал зургаан адуу дайрч, тав нь үхжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд есдүгээр сарын 1-ний өдөр зам тээврийн осол гарч, зургаан адуу дайруулжээ. Ослыг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат гаргасан байна.

Зэлтэрээс Цагааннуур чиглэлийн төв замд “Toyota Land-300” маркийн автомашин жолоодож явсан тэрбээр засмал замаар гарч явсан зургаан адууг дайрчээ. Ослын улмаас машинд мөргүүлсэн тав нь газар дээрээ үхсэн бол нэг адууны хөл нь гэмтэж, эмчлэх боломжгүй болсон байна. Л.Чинбатын жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд орхисон гэж мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагын бүртгэлд “Сэлэнгэ аймаг: Цагааннуур сумд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө” гэсэн мэдээллийг есдүгээр сарын 1-нд авч шалгахад: Л.Ч (эр.64н) нь “Toyota Land-300” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн гэх хэргийг шалгаж байна гэж бүртгэсэн байдаг. Гэвч бодит байдал дээр зургаан адуу дайрсан ажээ.

Зэлтэрээс Цагааннуур руу орох замд мал гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг ч жолооч эхний адууг мөргөөд хурдаа хасалгүй цааш явж олон адуу дараалан дайрсан ноцтой осол гаргасан байна.

Эргэн сануулахад, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өмнө нь бусдыг машинаар дайрах оролдлого хийж буй бичлэг цахим орчинд тарж байсан. Тэрбээр энэ үйлдлээ “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна” хэмээн тайлбарласан байдаг.

Энэ хэргийг шүүхээс худал мэдээлэл тараасан гэж үзээд, түүний зорчих эрхийн хоёр сар хязгаарлах шийдвэр гаргаж байжээ.

Нийгэм, эдийн засаг
3

Холбоотой мэдээ