Сэлбэ хотын орон сууцны бүтээн байгуулалт 38.6 хувьд хүрч, ундны усны шугамд зэс хоолой ашиглаж байна

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагт 158 га талбайд хэрэгжиж буй “Сэлбэ хот” төслийн орон сууцны бүтээн байгуулалт 38.6 хувьд хүрээд байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй тэнцэх хэмжээний ажил гэдгийг нийслэлийн удирдлагууд мэдээлсэн. Төслийг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж буй ажээ.
Одоогоор зарим барилгын өрлөг, цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглаж байна. Энэ нь оршин суугчдын хүнсний хэрэглээнд тохиромжтой бөгөөд зэс нь бактерийн үржлийг дарангуйлах шинж чанартай тул эрүүл ахуйн хувьд давуу талтай гэж үзжээ.
Зэс хоолой нь механик бат бөх, ашиглалтын хугацаа урт, хуванцар хоолойтой харьцуулахад шатдаггүй, өндөр температурт тэсвэртэй аж. Төсөлд MNS EN 1057 стандартыг хангасан оёдолгүй зэс хоолойг ашиглаж байгаа бөгөөд энэ нь Европын EN 1057 стандарттай уялддаг гэдгийг “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Чанарын хэлтсийн менежер Д.Одгэрэл тайлбарлав.
Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай болон амралт чөлөөт цагийн хүрээлэн барихаар төлөвлөсөн. Нийт талбайн 37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж байгуулахаар тусгасан байна.
Эхний ээлжийн 4,362 айлын орон сууцыг ₮826 тэрбумаар барих хоёр багц тендерт 14 компани санал ирүүлснээс “China Construction 6th Engineering Bureau Co., Ltd” групп, “China Second Metallurgy Group Co.,Ltd” ХХК шалгарсан юм.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

