Сэлбэ дэд төвийн орон сууцнууд энэ намар дулаан авна

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 158 га талбайд 113 блок бүхий 8,575 айлын орон сууц барих ажлыг нийслэлээс гаргасан гадаад бондын 1.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлж байна.
Төслийн нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 39 хувьд хүрч, 113 блок барилгаас 100 блокийн ажил зэрэг өрнөж, талбайд 1,456 хүн, 89 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр орон сууцны дийлэнх блокийн давхрын цутгалт дуусч, барилгын дотор засал, сантехник, өрлөгийн ажилд шаталсан байдлаар шилжжээ.
Мөн барилгын чанар, урт хугацааны насжилт, аюулгүй байдлыг хангах хөрсний ус зайлуулах систем болон гадна инженерийн дэд бүтцийн туршилт, тохируулгын ажлууд эхэлсэн байна.

Бүх багц барилга энэ намар фасад, хаалга, цонхоо угсарснаар халаалтаа авч, дотор заслын ажил үргэлжлэх боломж бүрдэх гэнэ.
«Тус орон сууцнуудын нэг м.кв-ын үнийг тогтоогоогүй, зах зээлийн зарчмаас бага үнээр борлуулах боломжгүй. Худалдан авалтын судалгаагаа хийж байгаа. Метр квадратын үнийг аравдугаар сар хавьцаа НИТХ-д оруулна» хэмээн Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат хэлж байсан юм.
Орон сууцны барилгын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх тендерт үндэсний дөрөв, гадаадын хоёр аж ахуйн нэгж ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран, ФИДИК гэрээг байгуулжээ.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

