Саудын Араб "Зүүн-Баруун" газрын тос дамжуулах хоолойгоо зогсоожээ

Саудын Арабын эрх баригчид Пүрэв гарагт болсон хэд хэдэн халдлагын дараа газрын тос дамжуулах "Зүүн-Баруун" чиглэлийн хоолойн ажиллагааг зогсоосноо зарлажээ. Эрчим хүчний яам баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ уг арга хэмжээг урьдчилан сэргийлэх зорилготой гэж тайлбарласан байна.
Халдлагын улмаас хэд хэдэн хүн шархадсан бөгөөд яаралтай тусламжийн багууд хоолойн аюулгүй байдлыг хангах, үүссэн нөхцөл байдлыг үнэлэх ажлыг хийж байгааг мэдэгдэлд дурджээ.
Ойрх Дорнод даяар сүүлийн өдрүүдэд мөргөлдөөн эрчимжиж, Йемений Хусит зэвсэгт босогчид Саудын Арабын Абха, Нажран, Жазан дахь эрчим хүчний байгууламжуудыг онилж, Ираны газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг АНУ-ын зэвсэгт хүчин довтолж байна.
Саудын Арабын мэдэгдлийн дараа Брент ангиллын баррель газрын тосны фючерс хэлцлийн үнэ $105 орчимд хэлбэлзэж, төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Харин Пүрэв гарагт уг үнэ $110 руу дөхөж огцом өссөн юм.
Ираны дайн эхэлсэн цагаас хойш "Зүүн-Баруун" чиглэлийн хоолой нь Саудын Арабын газрын тосны экспортын чухал зам болж, Ормузын хоолойн тээвэрлэлт бараг зогссоны дараа өдөрт 7 сая баррель дамжуулах хүчин чадалтай уг хоолойн ашиглалт маш хурдан дээд хэмжээндээ тулсан байна.
Энэ хоолой нь газрын тосыг Персийн булангаас Улаан тэнгис рүү тээвэрлэж, тэндээс хөлөг онгоцонд ачиж гадаад зах зээлд хүргэдэг. Гэвч сүүлийн үед Хусит босогчдын халдлагын улмаас энэ чиглэл эрсдэлтэй тулгарч, Улаан тэнгис дэх тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртөх болсноор наймдугаар сард энэ чиглэлийн газрын тосны экспорт өдөрт ердөө 3 сая баррель болж буурсан нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.
Газрын тосны үнэ өсөхийн хэрээр бензин шатахууны үнэ ч өсөж байна. Тухайлбал АНУ-д галлон бензиний үнэ $4 орчимд хэлбэлзэж энэ оны хамгийн дээд үзүүлэлт болсон бол галлон дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ буюу $6-т хүрчээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

