Санхүүгийн системийг ногооруулах хөтөлбөр эхэллээ

AI мэдээ
Санхүүгийн системийг ногооруулах хөтөлбөр эхэллээ

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС)-гийн хамтран хэрэгжүүлдэг Ногоон Эдийн Засгийг Санхүүжүүлэх Хөтөлбөрийн (GEFF) хоёрдугаар үе шат болох «Санхүүгийн системийг ногооруулах» хөтөлбөрийн албан ёсны нээлт өчигдөр боллоо.

Энэхүү хөтөлбөр нь аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч, усны хэрэглээгээ бууруулах, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй эх үүсвэрээс санхүүжилт олгох зорилготой. Хүнсний үйлдвэрлэл ба боловсруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагууд хамрагдах боломжтой.

ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев: «Санхүүгийн системийг ногооруулах хөтөлбөр нь Монгол Улсад хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийн маань үргэлжлэл болж байна. Бид санхүүгийн түншлэгч байгууллагуудынхаа хамт Монголын эдийн засгийг илүү ногоон болгох зорилготой ажиллаж байна» гэлээ.

Тэрээр хөтөлбөрийн хүрээнд түншлэгч банкуудад байгаль орчинд ээлтэй, ногоон санал санаачилгыг санхүүжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй эх үүсвэр олгоно гэдгийг дурдсан. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход зориулагдсан технологи, эрчим хүчний зохист хэрэглээг дэмжих, нүүрснээс ангид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох зэрэгт хөрөнгө оруулалт чиглэнэ. Таван жил үргэлжлэх хөтөлбөрийн нийт санхүүжилт нь 250 сая ам.доллар бөгөөд Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцээ байгаль ээлтэй ногоон байдлаар шийдэхэд нь зориулан олгохоор төлөвлөсөн.

Хөтөлбөрийн хамт олноос санхүүжилтэд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагын талаар тодруулахад: «Шинээр хэрэгжиж эхэлж буй хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хэдэн жил үйл ажиллагаа явуулсан байх, санхүүгийн чадамж гэх мэтчилэн тусгайлсан шалгуур тавиагүй бөгөөд энэ нь зээл олгох дотоодын банкуудын журмаар зохицуулагдах юм. Түүнчлэн дотоодын банкууд үйл ажиллагааны үр дүн сайтай, санхүүгийн хувьд чадамжтай гэж үзвэл шинээр нээгдсэн компаниудад ч дэмжлэг үзүүлэх боломжтой. Хамгийн чухал нь санхүүжилтэд хамрагдах хүсэлт гаргагч нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үр дүн бүхий шийдэлтэй байх ёстой» гэлээ.

Одоогоор хөтөлбөрийн санхүүжилтийг Хаан болон Хас банкаар дамжуулан олгох бөгөөд цаашид өөр банкуудаар хүрээгээ тэлэхээр төлөвлөсөн. Мөн хүсэлт гаргасан монгол аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч, ус хэмнэх хамгийн дэвшилтэт, баталгаат тоног төхөөрөмж, техникийн шийдлийг олоход нь үнэ төлбөргүй зөвлөнө.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ