Сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний мэдээлэл өглөө

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН)-ийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дунд шатны хороодын арга зүйчид, өсвөрийн улаан загалмайчид болон сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний талаар мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чиглэлээр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
Өнөөдөр /2026.09.28/ болсон энэхүү арга хэмжээгээр оролцогчдод шахмал түлшний шинж чанар, үйлдвэрлэл, зөв хэрэглээ, агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн байна.

Сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан айл өрхүүдэд шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зөвлөгөө, зөвлөмжийг хүргэх зорилготой гэж зохион байгуулагчид мэдээлэв.

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанарыг жилээс жилд сайжруулж байгаа ч угаарын хийн хордлогын эрсдэл гарсаар байгаа нь айл өрхийн галлагаа, хэрэглээтэй холбоотойг онцлов. Тиймээс зуух, пийшинг түлшээр хэт дүүргэхгүй байх, түлш бүрэн шатаж дуусаагүй үед яндангийн сойлтыг хаахгүй байх, яндангаа авч өрхөө бүтээхгүй байх зэрэг зөв хэрэглээг хэвшүүлэх нь гэр бүлээ эрсдэлээс хамгаалах энгийн бөгөөд чухал алхам гэдгийг сайн дурын идэвхтнүүдэд сануулсан байна.
Мөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй, хэвийн ажиллагааг нь тогтмол шалгаж, байнга асаалттай байлгахыг зөвлөлөө.
НЭМҮТ-ийн судалгаагаар дотоод орчны агаарын чанарт зөвхөн түлш, галлагаа бус бусад хүчин зүйлс ч нөлөөлдөг
Гэр, байшингийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд дараах зөвлөмжийг өгч байна:
- Агаар сэлгэлтийг тогтмол хийх
- Гэртээ тамхи татахгүй байх
- Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Галлагааг зөв хийх
- Гэр, байшингаа дулаалж, галлах давтамжийг багасгах
- Угаарын хий мэдрэгчийг зөв байрлуулж, байнга асаалттай байлгах
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

