С.Амарсайхан: ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хамтарч авлига хийхийг санал болгож байсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хэвлэлийн хурал зохион байгуулж, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд холбогдох хэд хэдэн асуудлыг дурдлаа.
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд өчигдөр хэвлэлүүдэд мэдээлэл өгөх үеэрээ С.Амарсайхан сайдыг жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болгохыг шаардаж, зарим томилгоог хийхгүй бол сүрдүүлдэг гэж ярьсан байдаг.
Хариуд нь С.Амарсайхан сайд "Улс төрчид, бизнесийнхэн, хуулийн хүчний байгууллагуудын өнгөрсөн хугацаанд угсарсан мафын сүлжээ өнөөдөр бүрэн утгаараа Монголын сүүлийн олон арван жилийн түүхэнд байгаагүйгээрээ ажиллаж байна. Энэ хууль бус бүлэглэл улс төр, улс орон, хууль сахиулах байгууллага, төрийн цэргийн байгууллагыг татан оролцуулж байна" гэж мэдэгдэв.
Тэрбээр ШШГЕГ-ын алба хаагчид улс төрийн аливаа акц хийхийг хатуу хориглосон заалттайг сануулж, "Төрийн нэрээр хулгай дээрмээ нуух гэсэн нөхдийн амь тавих гэсэн процесс юм" гэж хэлсэн.
С.Амарсайхан сайдын хэлснээр, ШШГЕГ-ын дэд дарга Э.Бямбажав Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан бол ШШГЕГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Цогжаргал гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж залилан мэхэлсэн байна. ШШГЕГ-ын тамгын гарын дарга Б.Нямгомбо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгааг тэрбээр дурдав.
Мөн "Олон овоот гоулд" ХХК, "Зөв зүг" ХХК-ийн асар их нөөцтэй алтны ордыг хууль бусаар авах, Монголбанк дээр барьцаанд байсан ашигт малтмалын 8 ширхэг тусгай зөвшөөрлийг 123 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий авлига хээл хахуулийн асуудалд холбогдсон гэж сайд мэдэгдэв.
Тэрбээр А.Намсаманд өнгөрсөн төрийн наадмаар Ерөнхийлөгчид уламжилж бригадын генерал цолыг дэмжиж явуулснаа дурдаад, "хоригдлуудыг аваачиж хууль бусаар өөрийн байр байшингаа бариулах, хувийн зуслангийн газартаа хаус бариулсан. Мөн төсвийн хөрөнгөөр өөртөө 20 сая төрөг, нийт 20 гаруй хүмүүст 408 сая төгрөгийг хууль бусаар авсан" гэж хэлэв. Түүнчлэн албан хаагчийнхаа нэр дээр 10 сая төгрөг бичиж аваад өөрт нь 3-4 сая төгрөг өгдөг, бусдыг нь өөрсдөө завшдаг, Зайсанд үнэгүй нэг байр авсан гэж сайд мэдэгдсэн.
С.Амарсайхан ШШГЕГ-т хууль бусаар тагнах чагнах үйл ажиллагаа явуулдаг, хууль бус тагнуулын газар бий болсон гээд үүнийг таслан зогсоох албан даалгавар өгснөө илэрхийлэв.
ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй өндөр чанарын нүүрсний орд, Монгол Улсад байхгүй өндөр чанарын гантиг чулууны орд байдгийг дурдаад, энэ ордыг ашиглах асуудлыг Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа А.Намсамандтай нийлж ашиглах зорилгоор ШШГЕГ-т үүрэг даалгавар өгсөн гэж сайд хэллээ.
"Энэ асуудлаар А.Намсаманд өнгөрсөн долоодугаар сард хоёр ч удаа миний өрөөнд орж ирсэн. Энэ асуудлыг дэмжиж, Засгийн газарт оруулж өгөөч гэж. Энэ дээр та хувийн компани оруулаач гэж хэлж байгаад надаар загнуулаад гарсан" гэж С.Амарсайхан ярив. Мөн "Хамтарч авлига хийе гэж яриад, хоёрт занга тавьж улс төрийн хамаг будлиан тарьж буй нөхрийн захиалгыг гүйцэтгэх гэж орж ирсэн" гэж тэрбээр нэмж хэлсэн.
Цагдаагийн алба хаагчдын орон тоо өнгөрсөн онд 770 орчмоор хасагдсан, 777 цагдаагийн 13 дахь сарын цалинг орон тоог нь хасаж байгаад 7.9 тэрбум төгрөгийг одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр манай салбарын сайд байхдаа А.Намсамандтай хамтарч ШШГЕГ-т энэ мөнгийг шилжүүлж, давуу байдал олгосон гэж сайд мэдэгдэв.
"Цагдаа нарыг цалингүй болгосон. Үүнийг Засгийн газарт танилцуулж саяны төсөв дээр орон тоо нэмэх, цалин хөлсийг шийдвэрлэх асуудал яригдсан. Гэтэл үүнээс үүдэж өнөөдрийн асуудал өрнөж байна" гэж С.Амарсайхан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.


Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

