Рафаэл, Бернинигийн бүтээл Монголд анх удаа дэлгэгдэнэ

Италийн сэргэн мандалтын үеийн уран зураач Рафаэл Сантигийн хөрөг болон барокко урлагийг үндэслэгч Жан Лоренцо Бернинигийн «Нептун» хүрэл баримлыг «Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини» тусгай үзэсгэлэнгээр есдүгээр сарын 30-наас арваннэгдүгээр сарыг хүртэл Монголын үзэгчдэд толилуулах болжээ.
Бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэх бөгөөд Рафаэл Сантигийн бүтээл Монголд төдийгүй Азид анх удаагаа ирж байгааг музейн куратор Ж.Дархижав мэдэгдлээ.

«Чингис хаан музей байгуулагдсанаар дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийг эх орондоо үзэх боломж бүрдлээ гэж ойлгож болно» гэж Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун хэллээ.
Италийн Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти хамтын ажиллагааны хүрээнд бүтээлээ хуваалцаж буйгаа онцлоод, уг хамтын ажиллагаа 2026 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Өндөр гэгээн Занабазарын хоёр бүтээлийг үзэгчдэд танилцуулсан гэв. Энэ удаагийн солилцоогоор галерейн зүгээс Бернинигийн «Нептун» болон Рафаэл Сантигийн хөрөг зургийг толилуулж байна.
«Италийн урлагийн агуу их бүтээлүүдийг Монголын үзэгчдэд толилуулах сайхан боломж нээгдэж байна гэж харж байна. Энэхүү үзэсгэлэн нь урлагийн хоёр агуу бүтээлийг Монгол Улсад танилцуулахаас гадна торгоны замын мөрөөр хийгдэж байгаа соёл хоорондын уулзалт, Итали-Монгол, Өрнө-Дорно хоорондыг холбосон яриа хэлэлцээ юм» гэж Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета онцоллоо.
Бүтээлүүдийн онцлог
Рафаэл Сантигийн хөрөг нь биеийн илүү хөдөлгөөнгүй, зөвхөн нүдний харцаар хүчирхэг байдлаа илэрхийлсэн зохиомжтой зураг бөгөөд олон зууны турш урлаг судлаач, сонирхогчдын гайхшралыг төрүүлсээр иржээ.

Бернинигийн «Нептун» баримал нь эртний Ромын домогт гардаг тэнгисийн бурхан Нептуны дүр бөгөөд барокко урсгалд харьяалагдана. Хурц ширүүн хөдөлгөөнтэй тэнгисийг эзэгнэгч бурхны уур хилэн, догшин дүр төрхийг царай төрхөд нь нарийн дүрсэлсэн уран бүтээл юм.
Нэг нь уран зураг, нөгөө нь хүрэл уран баримал хэдий ч хоёр бүтээл хоёулаа «хүч» хэмээх ойлголт дээр төвлөрснийг Чингис хаан Үндэсний музейн куратор Ж.Дархижав тайлбарлав.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

