Путин АНУ-ын элч нарт Украины байдал “тийм ч амар биш” гэж хэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын элч нар Бямба гарагт Москвад очиж, Украины дайныг дуусгах асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Кремлиэс нийтэлсэн дүрс бичлэгт Стив Виткофф, Жаред Кушнер нарыг Путин угтан авч байгааг харуулжээ.
Уулзалтын эхэнд Путин Украины нөхцөл байдал “тийм ч амар биш” байгааг тэмдэглээд, Орос улс нөхцөл байдлыг хэрхэн харж байгаагаа тайлбарлахаа мэдэгдсэн байна. Харин Виткофф Путинд гурван өдрийн хугацаанд харилцан нийслэлдээ довтлохгүй байх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд талархал илэрхийлжээ.
Трампын элч нар Мягмар гарагт Киев хотод очиж, Украины эрх баригчидтай уулзах юм. Баасан гарагт Трамп өөрийн элч нарыг “Украины дайныг дуусгах саналтай” Москвад айлчлах гэж байгааг мэдэгдэж байв. Өмнө нь тэд хэд хэдэн удаа ийм санал танилцуулсан ч үр дүнд хүрээгүй юм.
Бямба гарагийн уулзалтын үеэр Путин АНУ-тай хийж буй яриа хэлэлцээг сайшаан, “ямар ч тохиолдолд, юу ч болж байсан ийм холбоо харилцаа үргэлж ашигтай байдаг нь эргэлзээгүй” хэмээн хэлжээ. Тэрбээр Трампын энхийг сахиулах хүчин чармайлтад талархал илэрхийлсэн байна. Москвагийн төвд байрлах Путиний албан өргөөнд болсон хаалттай уулзалт гурван цаг үргэлжилснийг Оросын төв хэвлэлүүд мэдээлсэн.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Бид Стив Виткофф, Жаред Кушнер нарыг хүлээж байгаа бөгөөд бодитой яриа хэлэлцээг хийхэд бэлэн байна” гэж өчигдөр мэдэгдсэн. Тэрбээр “Одоогоос эхлэн Бямба гарагийг дуустал, бас Ням, Даваа гараг хүртэл бид Москвад довтлохоо зогсооход бэлэн байгаа бөгөөд Оросын тал Киевийн талаар адил арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэж хэлсэн юм.
Харин Путин зөвхөн Киевийг онилсон агаарын цохилтыг зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Виткофф, Кушнер нар өмнө нь Москвад хэд хэдэн удаа айлчилж байсан бол анх удаагаа Киевт очих гэж байгаа аж. Тэд Москвагаас Киевт хэрхэн хүрэх нь тодорхойгүй, учир нь дайн эхэлснээс хойш Украин агаарын орон зайгаа хаасан байдаг.
АНУ-ын элч нарыг ирэхийн өмнө Оросын тал Киевийн ойролцоох Борисполийн нисэх буудалд “үзүүлбэр” маягийн агаарын цохилт өгснийг Зеленский мэдээлсэн. Тэрбээр “Нисэх онгоцны буудлуудад өгсөн Оросын эдгээр цохилтууд нь АНУ-ын элч нарыг энхийн яриа хэлэлцээний зорилгоор Украинд газардаж магадгүй болсонд үзүүлж буй хариу үйлдэл гэдэг нь тодорхой” гэж хэлсэн байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

