Пусаны сувагт гацсан аварга загасыг үзэхээр 600 мянган хүн иржээ

Өмнөд Солонгосын Пусан хотын хойд боомтын ойролцоох нарийн сувагт есдүгээр сарын 18-наас хойш гацсан 3.5 метр урт аварга загасыг үзэхээр 600,000 гаруй хүн ирснийг хотын удирдлага тооцоолжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь олз хайж суваг руу орсон ч буцах замаа олж чадаагүй "хүрэл өнгөт аварга загас" (bronze whaler shark) ажээ.
Сөүлээс зүүн өмнө зүгт 325 км-т орших тус хотын эргийн хамгаалалтын албаныхан эхний өдөр загасыг сувгаас гаргахыг оролдсон ч зургаан цагийн дараа зогсоосон байна. Судлаачид хүчээр хөөвөл амьтанд гэмтэл учруулах эсвэл түрэмгий ааш гаргаж болзошгүйг анхааруулжээ.
Мягмар гарагийн өглөө албаныхан аварга загасыг сувгийн ам руу чиглүүлэхээр ар талаас нь усаар шүрших аргыг хэрэглэсэн бөгөөд энэ нь 2004 онд Массачусетс мужийн гүехэн усанд гацсан цагаан аварга загасыг аварсан туршлага дээр үндэслэсэн арга байв.
"Herald Business" сонины мэдээлснээр аварга загас завинуудын дундуур гарч, суваг руу буцаж сэлснээр анхны оролдлого бүтэлгүйтжээ. Загасны аж ахуйн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр загасны биеийн байдал тогтвортой байгаа ч хооллох, хөдлөх чадвар хязгаарлагдмал тул удаан хугацаанд тэнд байвал бие нь суларч болзошгүй гэж үзэж байна. Мягмар гарагийн үдээс хойш загасыг сувгаас гаргаж чадаагүй тул ажиллагааг дахин зогсоожээ.
Өмнөд Солонгосын эрэг орчмын усанд аварга загас тааралдах нь ховор биш. Загасны аж ахуйн хүрээлэнгийн мэдээллээр энэ оны эхний хагаст зүүн эргийн орчимд 46 том оврын аварга загас бүртгэгдсэн нь өмнөх оныхоос бараг дөрөв дахин өндөр үзүүлэлт бөгөөд далайн усны температур нэмэгдсэн болон акулын идэш болдог загасны тоо олширсонтой холбон тайлбарлаж байна.
Хотын захиргааны мэдээлснээр амралтын өдрүүдэд өдөрт дунджаар 2,000 орчим хүн зочилдог хойд боомтын эргийн цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 19-нөөс 28-ны хооронд нийт 607,000 хүн зочилжээ. Мягмар гарагт 62 настай Ким Жон Сүк загастай салах ёс гүйцэтгэхээр ирэхдээ "Хэд хоногийн турш энд харсаар байгаад дасчихжээ... Сэтгэл жаахан гунигтай байна" гэж хэвлэлд ярьжээ.
Пусан хотын дарга Чон Жэ Сү CBS радиод өгсөн ярилцлагадаа: "Энэ аварга загас үнэхээр олны анхаарлыг татах онцгой шинж чанартай амьтан юм. Тав, арван минут тутамд л усны мандал дээр гарч ирдэг. Үнэхээр өхөөрдөм амьтан шүү" гэж хэлсэн байна.
Хотын захиргаанаас Инстаграм сүлжээгээр явуулсан санал асуулгад оролцогчдын 91 хувь нь уг загасыг "Шафлюэнсер" (Shark + Influencer) хэмээн нэрлэхийг дэмжиж, хотын сурталчилгааны хүндэт элчээр өргөмжилжээ. Хотын бэлгэ тэмдэг болсон "Буги" дүр түүний өмнөөс уг өргөмжлөлийг гардан авах юм байна.
Аварга загасыг үдэж гаргахаар аавынхаа хамт ирсэн найман настай хүү И До Юн түүнд санаа зовохгүй байгаагаа "Зүгээр дээ. Букан-и найзуудтайгаа уулзах гэж байгаа юм чинь" гэсэн үгээр илэрхийлжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

