Оюутолгойн гүний уурхайд 61 ажилтан зургаан цаг гацсан нь: Бодит нөхцөл байдлыг ажилтан нүүр тулж ярив

Есдүгээр сарын 3-ны орой Оюутолгойн гүний уурхайн 1226 метрийн гүнд өргүүрт сууж явсан 61 ажилтан цахилгаан тасарснаас үүдэн зургаан цагийн турш гацсан байна. Эхний давхарт 30, хоёрдугаар давхарт 31 хүн байсан бөгөөд нөөц эх үүсвэр залгасны дараа компьютерийн системд алдаа гарч, засварлахад удаан хугацаа зарцуулсан аж.
Нэрээ нууцалсан ажилтны хэлснээр, өргүүр дотор зай маш бага байсан тул босоогоороо ч суух боломжгүй байсан гэнэ. "Анхны аврах тусламж ирэх үед л ус ирсэн. Агааржуулалт маш хүнд байсан. Компанийн зүгээс агааржуулалт хэвийн байсан гэж хэлж байгаа ч бидний мэдэрсэн нөхцөл өөр байсан" гэж тэр хэлэв. Хамгаалах байр руу очих боломжгүй байсан бөгөөд өргүүрээс гарах аргагүй байсан тул 61 хүн чигжсэн байдалтай зургаан цаг хоносон гэнэ.
Ослын үед хэрэглэх амь хамгаалах төхөөрөмж зүүсэн ч энэ нь зургаан цагийн турш тасралтгүй хэрэглэхэд зориулагдаагүй гэдгийг ажилтан онцолсон. Тухайн үед ухаан алдсан хүн байгаагүй ч нөхцөл байдал маш хүнд байсан гэж тэр дурсав.
Гарсны дараа эрүүл мэндийн үзлэг, сэтгэл зүйчтэй уулзалт хийсэн боловч "хоёр хоног ажиллуулаагүй. Ердийн найман цагийн ажлын өдрөөр тооцно, илүү цагийг тооцохгүй" гэж компаниас мэдэгдсэн гэдгийг тэр хэллээ.
Оюутолгой компани өмнө нь агааржуулалт, усны хангамж хэвийн байсан гэж тайлбарлаж байсан бол ажилтнууд энэ нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Нийт 61 ажилтны нөхцөл байдал, аврах ажиллагаа удаашралтай явагдсан шалтгаан, өргүүрийн эвдрэлийн уг нөхцөл зэргийг бие даан шалгаж, олон нийтэд мэдээлэх шаардлагатай гэж ажилчид хэлж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

