Оюу толгойн хувь нэмэр: нэг хүнд ногдох ДНБ 15 жилд 257 хувиар өссөн

2010-2024 оны хооронд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2,625 ам.доллароос 6,751 ам.долларт хүрч, 15 жилийн хугацаанд 257 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлтээр манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны нэгд багтжээ. Жил бүр нэг хүнд ногдох ДНБ дунджаар 275 ам.доллароор өссөн бол үүнд Оюу толгойн хувь нэмэр жил бүр 527 ам.доллар байсныг MMCG-ийн судалгаанд дурджээ.

MMCG компанийн гаргасан судалгаагаар 2011 онд ДНБ-ий өсөлт 17.3 хувь хүрч цойлоход Оюу толгой 13.5 хувийг нь бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирээгүй бол 2011 онд эдийн засгийн өсөлт 3.8 хувь байх байсан гэсэн үг. Тухайн онд нэг хүнд ногдох ДНБ 1,111 ам.доллароор өсөж 3,736 ам.доллар болоход Оюу толгой 647 ам.долларыг нь бүрдүүлжээ.

Дотоодын улс төрийн талцал хуваагдлаас болж Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт 2015 он хүртэл гацаж, гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ унаснаар эдийн засгийн өсөлт саарсан. 2016 онд эдийн засаг 21.5 хувиар агших байсныг Оюу толгой ДНБ-ий өсөлтөд 22.7 хувийн бодит дэмжлэг үзүүлснээр 1.5 хувийн өсөлттэй гарчээ. Хэрэв Оюу толгой 2013 оноос зэсээ экспортолж эхлээгүй, гүний уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байсан бол 2016 онд эдийн засаг 21.2 хувиар агших байсан гэж судалгаанд дурдсан байна. Тухайн үед нэг хүнд ногдох ДНБ 3,607 ам.доллар болж, үүний 20 хувь буюу 719 ам.доллар нь Оюу толгойн хувь байжээ.
Харин макро эдийн засгийн орчин тогтвортой жилүүдэд Оюу толгой хурдасгуурын үүрэг гүйцэтгэсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн 2018 онд Оюу толгой эдийн засгийн өсөлтийн хурдасгуурын үүргээ дахин гүйцэтгэсэн. Гүний уурхайн олборлолтыг 2023 онд эхлүүлснээр Оюу толгой Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тогтвортой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдсэн гэж судалгаанд дүгнэжээ. Дэлхийн банкны ангиллаар нэг хүнд ногдох ДНБ 4,470 ам.доллароос дээш бол дунджаас дээш орлоготой улс орон гэж тодорхойлдог бөгөөд 2022 оноос Монгол Улс 5,000 ам.долларт хүрч, дунджаас дээш орлоготой улс орон болсон. Үүнд Оюу толгой даацтай хувь нэмэр оруулсан гэжээ.
Орон нутгийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт
Ханбогд сумын хүн ам сүүлийн 15 жилд хэд дахин өсөж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, цахилгаан, ус, дулааны хэрэгцээ нэмэгдсэн. Оюу толгой 2013 оноос хойш орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 248.1 тэрбум, бизнес эрхлэлтийг дэмжихэд 13 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний 44.6 тэрбум төгрөгийг Ханбогд болон түншлэгч сумдын цахилгаан эрчим хүч, инженерийн шугам сүлжээг сайжруулахад зарцуулсан байна.

Орон нутгийн хөгжилд зориулсан «Говийн оюу хөгжлийг дэмжих сан», «Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан»-аас 2013-2024 онд нийт 261.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнээс говь нутгийн бизнес эрхлэлт, уламжлалт мал аж ахуйг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөг зарцуулжээ.
2017-2018 онд Ханбогд сумын ундны усны эх үүсвэрийг судалж тогтоогоод, газрын доорх усыг цэвэршүүлэн ундны усаар хангах цогцолбор барихад 6.9 сая ам.доллар буюу өнөөгийн үнэ цэнээр 24.6 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн цогцолбор барихад 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

