Өвлийн оргил ачаалал 1,956 МВт хүрэх тооцоотой

AI мэдээ
Өвлийн оргил ачаалал 1,956 МВт хүрэх тооцоотой

УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Халаалтын улирал эхэлж, хэрэглээ нэмэгдэж буй үеийг тохирсон энэ хурлаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын бэлтгэлийн талаар мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр энэ жил 20 зуух засварлахаар төлөвлөснөөс есийнх нь засвар дууссан, 11-ийнх нь засвар 35-80 хувийн гүйцэтгэлтэй байгааг дуулгав. Мөн 12 турбо генераторын наймыг засаж дуусгаж, дөрөв нь 12-85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт өвөлжилтийн бэлтгэл дунджаар 79 хувьтай, хуваарийн дагуу явж байгааг сайд онцлов.

Мэргэжилтнүүдийн тооцоогоор ирж буй өвлийн оргил ачаалал 1,956 МВт-д хүрэх бол суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байна. Оргил ачааллыг давах тооцоонд дулааны цахилгаан станцуудаас 1,410 МВт, салхин цахилгаан станцаас 30 МВт, усан цахилгаан станцаас 5 МВт, батарей хураагуураас 150 МВт, үлдэж буй 350 орчим МВт-ыг импортоор хангахаар тусгажээ.

"Оросын Холбооны Улстай хамтран ДЦС-III-ыг өргөтгөх зураг төслийн гэрээг үзэглэсэн. Удахгүй гэрээнд албан ёсоор гарын үсэг зурна. ДЦС-III-ын хүчин чадлыг 300 МВт-аар нэмэх зураг төсөл бэлэн болохоор өртөг нь тодорхой болно"

Өнгөрсөн өвөл ДЦС-III-ын есдүгээр турбо генераторт осол гарч, засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тус станцын засварт байгаа долдугаар турбо генератор энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Харин ашиглалтын хугацаа дууссан тавдугаар турбо генераторыг зогсоож, 37 тэрбум төгрөгөөр засварлахыг улсын төсөвт тусгасан гэдгийг сайд Б.Найдалаа хэллээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ