Оросын сонгуульд Нэгдсэн Орос нам 349 суудал авч дээд амжилт тогтоолоо

Оросын парламентын доод танхимын сонгуулийн албан ёсны үр дүнг Баасан гарагт зарласан бөгөөд Нэгдсэн Орос нам 450 суудлын 349-ийг авчээ. Энэ нь тус намын 2016 онд авсан 343 суудлын амжилтыг ахиулсан үзүүлэлт юм.
Сонгуулийн Төв Хорооны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр бусад намуудын хувьд Коммунист нам 37, Либерал Ардчилсан нам 23, Шинэ Хүмүүс нам 19, Шударга Орос нам 17 суудал авсан байна.
Украины дайны ахмад дайчид анх удаа сонгуульд өрсөлдөж, 46 суудал авсныг Памфилова мэдээлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс төрд орсон ахмад дайчдыг Оросын “шинэ элитүүд” хэмээн магтан сайшааж байсан бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар “Энэ бол маш сайн хэрэг. Манай баатруудын туршлага өндөр эрэлт хэрэгцээтэй байна. Санал хураалтын үр дүн үүнийг тодорхой харууллаа” гэж хэлжээ. Харин хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр сонгогдсон зарим ахмад дайчдыг Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна.
Сонгуулийн ирц 59.8 хувьд хүрсэн нь 2011 оны Төрийн Думын сонгуулиас хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж эрх баригчид мэдээлж байна. Москвагийн зарласан Украины эзлэгдсэн бүс нутгуудыг оролцуулан энэ сонгуульд гадаадын 155 улсад 280,000 гаруй Оросын иргэн саналаа өгснийг Памфилова дурдаад, гадаадад дүрвэсэн сөрөг хүчнийхний санал хураалтыг үймүүлэх оролдлого “бүтэлгүйтсэн” гэж хэлсэн байна.
Гэхдээ энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин бараг оролцоогүй. Украины дайныг ил тод эсэргүүцдэг цорын ганц сөрөг хүчин болох Яблоко намын өрсөлдөх эрхийг дээд шүүх наймдугаар сард хассан юм.
Төрийн Дум ирэх Лхагва гарагт буюу есдүгээр сарын 30-ны өдөр анхдугаар чуулганаа товложээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

