Оптогенетикийн нээлтээр гурван эрдэмтэн Нобелийн шагнал хүртэхээр болов

2026 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Карл Дейссерөт, Германы Петер Хегеманн, Георг Нагель нар хүртэхээр болсныг Шведийн Каролинска хүрээлэнгийн Нобелийн хороо Даваа гарагт зарлалаа. Тэд тархин дахь мэдрэлийн эсүүдийг гэрлийн тусламжтайгаар удирдах "оптогенетик" аргыг хөгжүүлсэн юм.
Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Томас Перлманн "Энэхүү арга (оптогенетик) нь амьд тархин дахь мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг асаах эсвэл унтраах боломжийг олгодог" гэж тайлбарлажээ.
54 настай Дейссерөт, 71 настай Хегеманн, 73 настай Нагель нарыг "гэрлээр удирдагддаг ионы суваг болон оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүд"-ийнх нь төлөө шагнахаар сонгосон байна.
Генетикийн ухааны профессор, Нобелийн хорооны гишүүн Анна Веделл мэдрэл судлалын шинжлэх ухаанд шинэ эрин үе эхэлсэн ч энэ нь дөнгөж эхлэл гэдгийг онцлоод "Бид анх удаа тархи мэдээллийг хэрхэн боловсруулдаг, мөн тархин дахь янз бүрийн мэдрэлийн эсүүд хоорондоо хэрхэн харилцан үйлчилдэг болохыг бодитоор ойлгож эхлэх боломжтой боллоо" гэж хэлжээ.
Гурван эрдэмтэн 12 сая Шведийн кроныг ($1.2 сая) хуваан авах юм. Энэ долоо хоногт физик, хими, утга зохиол, энх тайван болон эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эздийг зарлана.
Тэдний олон жилийн өмнө эхлүүлсэн судалгаа нь тархины эмгэгийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Дэлхий даяар сая сая хүнд нөлөөлдөг, эмчилгээний сонголт хязгаарлагдмал шизофрени, Альцгеймер, Паркинсон, эпилепси болон донтолт зэрэг өвчнийг ойлгоход амьтны загварыг ашигладаг.
Дейссерот оптогенетикийн аргаар мотор кортексийн тодорхой мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлж, хулганы сахлын хөдөлгөөнийг удирдаж чадсан байна. Мөн гэрлээр унтаж буй хулганыг сэрээснээр тодорхой мэдрэлийн эсүүд сэрүүн байдлыг хянадаг болохыг баталжээ.
Тэр 1990-ээд оны эхээр нэг төрлийн замаг гэрлийн нөлөөнд хагас миллисекундийн дотор хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг судалж эхэлсэн Германы эрдэмтэдтэй танилцаж, судалгааны үр дүнг нь ашигласан байна.
Нобелийн шагнал гардуулах ёслолыг шагналыг санаачлагч Альфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокхольм хотод зохион байгуулна.
Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

