Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн үнэтэй гэр бүл салалт: 1.87 тэрбум доллар

Өмнөд Солонгосын шүүх компьютер тоглоомын тэрбумтан Квон Хюк Бинийг салсны дараа эхнэрт нь 2.55 их наяд вон ($1.87 тэрбум) төлөх шийдвэр гаргасан нь тус улсын түүхэнд хамгийн өндөр зардалтай гэр бүл салалт боллоо.
Квон нь улсдаа гурав дахь том тоглоом хөгжүүлэгч Smilegate-ийг үндэслэн байгуулж, компаниа бүрэн эзэмшдэг. Блүүмбэрг түүний хөрөнгийг ойролцоогоор 3 тэрбум доллар гэж үнэлсэн байдаг.
Лхагва гарагт зарлагдсан шийдвэрээр Квон Smilegate-ийн 35 хувийн хувьцааг экс эхнэр И Хва Жинд шилжүүлэх бөгөөд энэ нь 2.5 их наяд вонтой тэнцэж байна. Үүн дээр 65 тэрбум воныг бэлнээр төлнө.
Өмнө нь хамгийн үнэтэй салалт нь SK группийн ерөнхийлөгч Чэй Тэ Воны хуучин эхнэртээ төлөх 944 тэрбум вон байжээ. Квоны төлөх дүн үүнээс хоёр дахин их юм.
И Хва Жин салахдаа Smilegate-ийн хувьцааны 50 хувийг шаардаж, компани байгуулагдах үед санхүүгийн хувь нэмэр оруулсан гэж үзсэн. Харин Квон түүнийг хөрөнгө оруулаагүй, компанид ажиллаж байгаагүй гэж маргаж байв.
Тэд 2001 онд гэрлэж, дараа жил нь Smilegate байгуулагдсан. Компанийн CrossFire, Lost Ark зэрэг тоглоомууд зах зээлд өндөр алдартай. И Хва Жин 20 гаруй жил хүүхдүүдээ өсгөж, гэр орноо авч явсан хүчин зүтгэлээ үнэлүүлэхээр хүсэлт гаргажээ.
Энэ оны эхээр Smilegate-ээс гаргасан мэдэгдэлд компанийн анхны хөрөнгө оруулалт бүхэлдээ Квоноос гарсныг баталсан байна.
Хоёр тал өчигдрийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

