Өмнөд Солонгос дахь Монгол иргэдийн гэмт хэрэгт холбогдсон тоо 38 хувиар өссөн

AI мэдээ
Өмнөд Солонгос дахь Монгол иргэдийн гэмт хэрэгт холбогдсон тоо 38 хувиар өссөн

Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн байгууллага даваа гарагт тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн гэмт хэргийн статистикийг танилцуулсан байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд гадаадын иргэдийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол долоо гаруй хувиар өсөж, 2021 оны 32,470-аас 2025 онд 34,760 болжээ.

Энэ дундаас Монгол улсын иргэдийн гэмт хэрэгт холбогдсон тоо хамгийн хурдацтай буюу 38 хувиар нэмэгдэж, таван жилийн дотор 1,007-оос 1,397-д хүрсэн байна.

Харин Тайландын иргэдийн үзүүлэлт 20 хувиар буурч, 2,482-оос 1,979 болсон байна.

Бусдын эсрэг хүч хэрэглэсэн гэмт хэрэг сүүлийн таван жилд 12 орчим хувиар өсөж, 2021 оны 689-өөс 2025 онд 771 болжээ. Энэ төрлийн гэмт хэргийг Хятадын иргэд 250 удаа үйлдэж хамгийн олон байсан бол Узбекистаны иргэд 62, АНУ-ын иргэд 60, Вьетнамын иргэд 53 тохиолдолтойгоор удаалсан байна.

Цагдаагийн байгууллага эдгээр тоо баримтыг гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоогүй, харин Өмнөд Солонгост оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ. 2021 онд тус улсад 1,956,781 гадаадын иргэн оршин сууж байсан бол өнгөрсөн онд 2,783,247 болж, 42.2 хувиар өссөн байна.

Гадаадын иргэдийн гэмт хэргийн статистикийг танилцуулах болсон шалтгаан нь аравдугаар сарын 3-ны орой Гёнги мужийн Пёнтэк хотод болсон үйл явдалтай холбоотой. Тухайн өдөр модон саваа, бороохойгоор зэвсэглэсэн гадаадын арав гаруй иргэн хоорондоо зодолдож байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаа нар хэргийн газраас яс нь хугарч гэмтсэн Орос болон Киргизстаны 20 гаруй насны хоёр иргэнийг баривчилсан бөгөөд зодоонд оролцсон бусад хүмүүс болон хэргийн газарт байсан автомашиныг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
2

Холбоотой мэдээ