Өмнийн бүсийн эрчим хүчний асуудлыг дуудлага худалдаагаар шийднэ
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр шадар сайд Т.Доржханд Оюутолгой уурхайн эрчим хүчний хангамжийн талаар мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр Оюутолгойг эрчим хүчээр хангах асуудал удаан яригдаж, 15 жилийн турш цахилгаан станц баригдаагүйг дурдлаа. Нүүрсний цахилгаан станцаар шийднэ гэж яваад санхүүжилт нь өнөөдрийг хүртэл олдоогүй гэж тэр хэлсэн.
"Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч нүүрсний эх үүсвэрээс цэвэрхэн, хямдхан болсон. Энэ дээр санхүүжилт бий болж буйг дэлхий даяар сайн мэдэж байгаа"
Тэрбээр цааш нь Оюутолгой компани нүүрсээр цахилгаан үйлдвэрлэхээс илүү сэргээгдэх эрчим хүчээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг хүсч буйг онцлов.
Уурхай нь 99.5 хувийн найдвартай байдлыг шаарддаг гэдгийг шадар сайд дурдсан. Газрын гүнд 2000 метрийн дор ажиллаж буй уурхайчдын амь нас үүнээс шалтгаалдаг тул тог тасарвал агааргүйдэж амь нас эрстэж болзошгүйг тэр тайлбарлав.
Иймээс эрчим хүчний асуудлыг хувийн сектороор хийлгэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. Төр дулааны цахилгаан станц барих гэхээр санхүүжилт байхгүй, 40 жил барьж чадаагүйг тэр дурдлаа. Харин хувийн сектор үнэ, шийдлээ оруулж ирээд олон түмний өмнө нээлттэй, ил тод үнэ хаялцаж дуудлага худалдаа явуулах олон улсын зарчмыг сонгож байгааг тэр хэлсэн.
Энэ зарчмаар явбал Европын сэргээн босголтын банк хувийн секторт хоёр тэрбум ам.долларын санхүүжилт өгөхөө илэрхийлсэн гэдгийг тэр мэдээлэв. Эрчим хүчний яам 10 компанийн материалыг хүлээн авсан бөгөөд маргааш дуудлага худалдаа олон түмний өмнө болно гэж тэр хэлсэн.
"Үр дүнд олон жил гацаагаад байсан өмнийн бүсийг эрчим хүчээр хангах ажил гараанаас гарах гэж байна"
Шадар сайд Монгол Улс жилдээ 140 сая ам.долларыг гадагшаа гаргаж байгааг дурдаад, 2030 он гэхэд Оюутолгой уурхайн эрчим хүчний эх үүсвэрийг гэрээгээр нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч илүү хямд, богино хугацаанд хэрэгждэг гэдгийг онцлов.
Нүүрсний цахилгаан станц барилаа гэхэд амжихгүй гэж тэр анхааруулсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын жишээг дурдаад, 2014 онд зураг төсөл нь эхэлж, барилгын ажил 2019 онд эхэлсэн 330 мегаваттын станцыг зургаан жил барьж байж үр дүнд хүрснийг тэр хэлэв.
Засгийн газар 2023 он гэхэд нийт эрчим хүчний эх үүсвэрийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилттой байгааг шадар сайд мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

