Ойрхог чанар 8.71 хувьд хүрч, 35.2 сая мод таригдлаа

«Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл «Алтан намар – Мод тарих улирал» нөлөөллийн ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.
Хөдөлгөөн эхэлснээс хойш нийт 140.4 сая орчим мод тарьж ургуулсны үр дүнд ойрхог чанар 7.9 хувиас 8.71 хувь болж өсжээ.

Энэ онд улсын хэмжээнд 50 сая мод тарихаар төлөвлөснөөс хавар 16.2 сая, намар 19.0 сая буюу нийт 35.2 сая мод тарьсан байна. Ингэснээр жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 70.4 хувьд хүрчээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1,267–1,780 га талбайд мод үржүүлгийн газрууд ажиллаж байна. Эдгээр газар 57 зүйлийн навчит болон шилмүүст модны 113.8 сая тарьц, суулгац, 21.6 тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна.
Мөн ойн салбарын 1,264 инженер, 6,354 ойжуулагч, техникчийг бэлтгэн, салбарын хүний нөөц, мэргэжлийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлжээ.
Түймэрт өртсөн болон доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг эрчимжүүлж, мод тарих, арчлах, хамгаалах цогц арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.
«Тэрбум мод» үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүйгээр ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, ногоон хөгжлийн суурийг бүрдүүлэх үндэсний хэмжээний ажил болж хэрэгжиж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

