Ойн самар түүхийг хориглож, баавгайг ойн гүн рүү явуулах чиглэл өглөө

AI мэдээ
Ойн самар түүхийг хориглож, баавгайг ойн гүн рүү явуулах чиглэл өглөө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын шуурхай хуралдаанаар хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирж буй асуудлаар хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, өнөөдөр мэдээлэл өглөө.

Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Булган, Хөвсгөл, Завхан, Увс зэрэг ойн бүс нутгийн байгаль хамгаалагч, Засаг дарга, иргэдийг хамруулсан 24 цагийн шуурхай албыг ажиллуулах албан даалгаврыг хүргүүлсэн байна. Мөн сум, орон нутгийн ойр орчмын сэг зэм, хог хаягдлыг устгах чиглэл өгчээ. Сум орон нутгуудад баавгайг тэжээхгүйгээр ойн гүн рүү нь оруулж тавих чиглэлийг өгсөн байна.

Хүрэн баавгай тэжээл дутмаг байгаагаас суурьшлын бүс рүү орж ирдэг аж. Ойд самар, жимс түүж байгаа хүмүүс машин, тоног төхөөрөмжтэйгөө зэрлэг амьтны бүс рүү орж байгаагаас баавгай дайжих нөхцөл үүсч байна.

Гал түймрээс үүдэж ОХУ-аас бамбаруушаа дагуулсан, идэш тэжээлийн дутагдалтай, туранхай баавгайнууд орж ирж байгааг Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням онцлов. Баавгай 300-500 км орчимд нүүдэллэж, хил хязгааргүй явдаг онцлогтой аж.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаар энэ жил ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглоод байгаа юм. Журмынхаа дагуу хуш модны самрын тухайн жилийн нийт гарцаас 40 хувийг үр үлдээх, зэрлэг амьтдын идэш тэжээл болгох зорилгоор үлдээдэг байна. 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээгээр энэ жил 40 хувиас бага гарцтай байгаа аж. Иймд байгаа самраа зэрлэг амьтдад үлдээж, ууланд самар түүхээр гарсан хүмүүсийг яаралтай буухыг анхааруулав.

Зэрлэг амьтдын ичээндээ орохын тулд идэш тэжээлээ бэлтгэж буй энэ үеэр тэр орчинд байх нь өөрсдийгөө эрсдэлд оруулж буй хэрэг гэдгийг Ойн Газрын дарга Т.Оюунсанаа анхааруулав.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ