Өгөгдлийн тухай хуулийн төсөл батлагдвал GSMA-ийн жишигт нийцсэн зохицуулалт бий болно

DATA & AI Governance Forum 2026-ийн "Их өгөгдөл, хэрэглэгчийн нууцлал ба хариуцлагатай AI" хэлэлцүүлэгт төр, банк, харилцаа холбоо, уул уурхай, AI-ийн салбарын төлөөлөл оролцож, өгөгдлийн засаглал, эрх зүйн орчин, бодит хэрэглээний талаар байр сууриа солилцов.
ХХЗХ-ны Зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд өгөгдлийн тухай хуулийн төсөл батлагдвал олон улсын стандарт, тэр дундаа GSMA-ийн жишигт нийцсэн зохицуулалт бий болгож, мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжилтийг хангахад анхаарах шаардлагатайг онцлов.

Мобикомын төлөөлөгч Ж.Магваншийрав хэрэглэгчийн өгөгдөлд хийсэн шинжилгээнд үндэслэн зээлжих чадварыг үнэлж, хэрэглэгчийн зан төлөвт суурилсан гар утасны зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлсэн туршлагаас хуваалцлаа.
Оролцогчид өгөгдөл солилцох, харилцан итгэлцлийг бий болгох эрх зүйн орчин бүрдвэл байгууллагуудын эзэмшиж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нэмэгдэнэ гэдэгт санал нэгдэв.
Хэрэгжилт нь хуулиас дутахгүй чухал
Юнител группийн Дижитал шилжилтийн газрын захирал Б.Жулдыз хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ түүнийг бодитоор хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлдэг тогтолцоо чухал гэдгийг онцлов.
Журам цаасан дээр бичигдээд хэн нэгний шүүгээнд үлддэг зүйл биш, процесс бүр дээр хэрэгждэг байх ёстой.

Юнителийн хувьд хэрэглэгчийн мэдээлэлд хандах эрхийг ажлын хэрэгцээ, тодорхой нөхцөлтэй уялдуулан зохицуулж, системийн хандалтыг хянах механизмыг өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлдэг байна.
Ийм тогтолцоог хэрэгжүүлэхэд зөвхөн дотоод журам бус, өгөгдлийг нэг дор удирдах, хандах эрхийг зохицуулах, хамгаалах, чанарыг хянах боломжтой технологийн суурь шаардлагатай. Үүний нэг жишээ нь олон улсын технологийн Dell компанитай хамтран нэвтрүүлсэн өгөгдлийг нэгдсэн орчинд удирдах, боловсруулах, шинжлэх боломж бүрдүүлдэг Data Lakehouse технологи юм.
Дотоодын технологийн чадавхыг ашиглах нь
Б.Жулдыз өгөгдөл болон AI-ийн шийдэл хөгжүүлэхдээ олон улсын стандарт, туршлагыг нутагшуулахын зэрэгцээ Монголд бий болсон технологийн компаниуд, мэргэжлийн хүний нөөц, хуримтлуулсан туршлага, хөгжүүлсэн шийдлүүдийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

AI-ийн өмнө шийдэх асуудал
AI-ийн хэрэглээ өргөжихийн хэрээр байгууллагууд AI ашиглахын өмнө ямар өгөгдөл ашиглаж байгаа, чанар нь ямар, хэн эзэмшиж, хэн ашиглах эрхтэй, хэрхэн хамгаалах вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай болж байна.
DAMA Mongolia-ийн форумд өгөгдлийн чанар, эзэмшил, нууцлал, аюулгүй байдал, байгууллага хоорондын өгөгдөл солилцоо болон AI-ийн хариуцлагатай хэрэглээг нэг хүрээнд авч үзсэн нь үүнийг харуулж байна.
Өгөгдлийн засаглал нь зөвхөн IT-ийн асуудал биш. Бизнесийн шинэ боломж, хэрэглэгчийн итгэлцэл, эрх зүйн орчин, байгууллагын дотоод хяналт, хүний мэргэжлийн чадавхыг холбож байж өгөгдөл бодит үнэ цэн болж чадна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

