О.Цогтгэрэл БНХАУ-ын Шюнань шинэ бүстэй танилцлаа

AI мэдээ
О.Цогтгэрэл БНХАУ-ын Шюнань шинэ бүстэй танилцлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр тэд Хэбэй мужийн Шюнань шинэ бүсэд ажиллаж, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, ухаалаг хотын удирдлага болон технологи, инновацийн шийдлүүдтэй танилцсан.

Төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн Ажлын хорооны Гадаад харилцаа хариуцсан дарга Лю Зилянтай уулзаж, хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжил, эдийн засаг, худалдаа болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Лю Зилян Шюнань нь Бээжин хотын нийслэлийн бус чиг үүргийг шилжүүлэн авах, хүн ам, эдийн засгийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор байгуулагдаж буй инноваци, шинэ технологид суурилсан хот гэдгийг онцолсон. Тэрбээр, Шюнань шинэ бүсийг нэгдсэн төлөвлөлтөөр байгуулж байгаа бөгөөд газар доорх, газар дээрх, cloud хот гэсэн гурван түвшний бүтэцтэй хөгжүүлж буйгаа дурдсан. Одоогоор тус бүс 1.4 сая орчим хүн амтай бөгөөд бүтээн байгуулалт дууссанаар таван сая оршин суугчтай болох зорилт тавьжээ.

Лю Зилян Монгол Улсын Ардчилсан намын даргын айлчлал хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, эдийн засаг, худалдаа, хотын засаглал, дэд бүтэц, ногоон хөгжил, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгааг тэмдэглэсэн.

О.Цогтгэрэл халуун дотно хүлээн авсанд талархаж, Шюнань шинэ бүстэй танилцах саналыг тавьсан учир нь Монгол Улсын хот төлөвлөлт, төвлөрөл, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд туршлагаас суралцах зүйл их байгааг хэлсэн. Цаашид хот байгуулалт болон харилцан сонирхсон чиглэлээр бодитой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн Гарааны бүсийн нэгдсэн үйлчилгээний төв, Ухаалаг хотын инновацийн төв, И Ань хорооллын үйлчилгээний төв, шинэ бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцсан.

Шюнань шинэ бүсийг 2017 онд Бээжин хотын нийслэлийн бус чиг үүргийг шилжүүлэн авах, бүс нутгийн уялдаа холбоо, хамтын хөгжлийг дэмжих үндэсний хэмжээний төсөл болгон байгуулжээ. Тус бүс “Эхлээд төлөвлө, дараа нь бүтээ” зарчмын дагуу хөгжиж, хотын дэд бүтэц, 15 минутын амьдралын тойрог, төрийн өмчит компаниуд, өндөр технологийн аж ахуйн нэгжүүд, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Энэхүү айлчлал нь Монгол, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын улс төрийн намуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.

Улс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ