Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын зардал 49 тэрбум 364 сая төгрөг байна

УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудаснаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг шүүмжилсэн байр суурийг илэрхийлжээ.
Түүний хэлснээр, тус компанийн 2025 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас хийсэн тайланд анхаарал татахуйц асуудлууд дурдагдсан байна. “Эрдэнэс Монгол” буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болж нэрээ сольсон ХХК-ийн ерөнхий удирдлагын зардал 49 тэрбум 364 сая төгрөг байгаа нь нийт зардлын талаас илүү хувийг эзэлж байгааг тэрбээр онцолсон.
Менежмент хийх зөвхөн энэ компанийн л удирдлагын зардал 49 тэрбум 364 сая төгрөг.
Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд удирдлагын зардалд 2024 онд 400 тэрбум 749 сая, 2025 онд 451 тэрбум 34 сая төгрөг зарцуулсан бол 2026 онд 531 тэрбум 512 сая төгрөг төсөвлөсөн байна.
Мөн 2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК менежмент хийдэг нэрийн дор дангаараа 86 тэрбум 650 сая төгрөгийн зардалтай ажилласнаас ерөнхий удирдлагын зардал нь 49 тэрбум 364 сая болохыг тэрбээр дурдсан. Өөрөөр хэлбэл, нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож, намаасаа томилогдож очиж байгаа захиралуудын тансаглалд зарцуулагдаж байгаа гэжээ.
“Эрдэнэс Монгол”-ын үндсэн зорилго нь төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг нэгдсэн менежментээр хангаж, үр ашигтай ажиллуулах аж. Гэтэл 2025 оныг хүртэл харьяа 39 компаниас зөвхөн 7 компанитай менежментийн гэрээ байгуулсан байна. Гэсэн ч зөвхөн 3 компаниас менежментийн төлбөрт 55 тэрбум 835 сая төгрөг авчээ. Ашигтай ажиллаж буй цөөн компанитай гэрээ байгуулж, төлбөр авч байгаа атлаа алдагдалтай, ашиггүй ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг сайжруулах тал дээр ажиллаагүй гэж Ө.Шижир шүүмжилсэн.
Нэгдлийн хүрээнд хамгийн ноцтой нь 918 тэрбум 751 сая төгрөгийн худалдан авалтыг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй мэдээллийг хоцроож ирүүлсэн, ийм хэмжээний худалдан авалтын мэдээлэл хугацаандаа ил тод болоогүй нь худалдан авалтын үйл явц, хяналт болон ашиг сонирхлын зөрчил байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд 484 сая төгрөгийн хэвлэл мэдээллийн зардал гаргасан нь сурталчилгаа хийж борлуулах бүтээгдэхүүн нэг ч байхгүй компанийн хувьд үндэслэлгүй гэж тэрбээр үзсэн. Түүнчлэн өөрийн харьяалал, чиг үүрэгт хамааралгүй байгууллагуудын албан бичгийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2 зөвлөх болон бусад байгууллагын гадаад албан томилолтын зардалд 70 сая 825 мянган төгрөгийг өөрийн төсвөөс гарган зарцуулсан байх жишээтэй гэжээ.
“...Тэгээд удирдлагууд нь бүгд эрх барьж буй намаас томилгоотой. Дүлий хүнд дүрс харуулах, сохор хүнд өнгө үзүүлэх гэж л энэ” гэж Ө.Шижир дүгнэсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

