“Нью Прогресс Групп” цемент, блок, гипсэн хавтанг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

AI мэдээ
“Нью Прогресс Групп” цемент, блок, гипсэн хавтанг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

Барилгын салбарын 100 жилийн ой тохиож буй энэ үед “Нью Прогресс Групп” 25 гаруй жилийн туршлагадаа тулгуурлан түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн цогц тогтолцоог бий болгох стратегийг хэрэгжүүлж байгаагаа 40 дэх удаагийн “BARILGA EXPO” үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

Тус групп “Ховд Эко Цемент”, “Ховд Эко Блок”, “ALPHA” эко гипсэн хавтан, “Ховд Эко НЦС” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн жилийн таван үйлдвэрлэлийн алхам

26 жил үйл ажиллагаа явуулж буй “Нью Прогресс Групп” өнгөрсөн жил 25 дахь жилийнхээ ой дээр дараах таван ажлыг хийсэн байна:

  • 2025 онд Монголын анхны монгол түүхий эдээр гипсэн хавтан үйлдвэрлэх “Alpha эко гипсэн хавтан”-гийн үйлдвэрийг нээв.
  • Өмнө нь зөвхөн баруун бүсийнхээ цементийн хэрэгцээг хангадаг байсан “Ховд эко цемент”-ийн үйлдвэр бүтээгдэхүүнээ ОХУ-руу экспортод гаргадаг боллоо.
  • Баруун бүс нутагт эрчим хүчний хэрэглээ хязгаарлагдмал байдаг учраас нарны цахилгаан станцыг 2025 онд санаачилж “Ховд Эко НЦС” төслийг хэрэгжүүлж байна.
  • “Ховд эко блок”-ийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
  • 2,000 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж энэ жил эхний блокийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангав.

“Монгол Улс өмнө нь хэрэглэгч байсан бол одоо бүтээгч ард түмэн болох ёстой” гэдгийг Нью прогресс группийн Дэд Ерөнхийлөгч Д.Базаргүрүү онцлов.

“Ховд Эко Цемент” экспортод гарлаа

Баруун бүсийн цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилгоор байгуулагдсан “Ховд Эко Цемент” үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлж, экспортын зах зээлд гарах боломжийг бий болгожээ.

Орчин үеийн хуурай аргын технологид суурилсан тус үйлдвэр жилд 300,000 тонн портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ жилийн наймдугаар сараас эхлэн ОХУ-руу цемент экспортолж эхэлсэн байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор Ховд болон баруун бүсийн цементийн хэрэгцээг орон нутагт үйлдвэрлэн хангах, тээвэр ложистикийн зардлыг бууруулах, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна. Түүнчлэн үйлдвэр нь 350 гаруй ажлын байр бий болгож, орон нутгийн иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна.

“Манай үйлдвэр ОХУ-аас тавьсан маш өндөр чанарын шаардлагыг бүрэн хангасан. Өндөр чанартай цементийг хурдтай нийлүүлж байна. Ирэх жилийн хувьд бид зөвхөн нэг төрлийн цемент биш олон төрлийн цементийн чанарын гэрчилгээг авах төлөвлөгөөтэй байна” гэдгийг Ховд Эко цемент үйлдвэрийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга М.Хонгор онцлов.

8 МВт хүчин чадалтай нарны станц

“Ховд Эко Цемент” үйлдвэрийн дэргэд 8 МВт хүчин чадалтай “Ховд Эко НЦС” төслийг хэрэгжүүлж байна. Цементийн үйлдвэр жилд ойролцоогоор 18,000 МВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд үүний 13,000 МВт.цагийг нарны эрчим хүчээр хангах боломжтой гэсэн тооцоололтой байна.

Цаашид үйлдвэрлэлийн хэрэгцээнээс давсан эрчим хүчийг баруун бүсийн хэрэглээнд нийлүүлэх боломжийг судалж байна.

“Ховд Эко Блок” үйлдвэр

Баруун бүсийн барилга, орон сууц, дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай ханын материалыг орон нутагт үйлдвэрлэн нийлүүлэх зорилготой “Ховд Эко Блок” үйлдвэр нь “Ховд Эко Цемент”-ийн үйлдвэрлэлийн уялдааг хангах дараагийн чухал төсөл юм.

Орчин үеийн CLC технологид суурилсан үйлдвэр нь хөнгөн жинтэй, дулаан хадгалалт сайтай, галд тэсвэртэй, дуу тусгаарлах шинж чанартай дүүргэлтийн ханын блок үйлдвэрлэх бөгөөд жилд 30,000 м³ хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Өмнө нь баруун бүсийн барилгын материалын тодорхой хэсэг нийслэл болон импортоос хамааралтай байсан бол орон нутагт үйлдвэрлэл бий болсноор бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулах, тээвэр ложистикийн зардлыг бууруулах, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэж байна.

“ALPHA” эко гипсэн хавтан

“Нью Прогресс Групп”-ийн охин компани “Эко Драйволл” ХХК-ийн хэрэгжүүлсэн “ALPHA” эко гипсэн хавтангийн үйлдвэр 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд монгол улсын гипсэн хавтангийн хэрэгцээг 100% хангаж, импортыг орлож чадахаар хэмжээний буюу жилд 10 сая м² буюу 3.5 сая ширхэг гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Монгол Улс гипсэн хавтангийн хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж ирсэн бөгөөд “ALPHA” үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээр дотоодын түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нэмэгдэж байна.

“Манай үйлдвэрийн зорилго бол импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх юм. Импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирээд зарах амархан. Харин үндэсний үйлдвэрлэл гэдгийн цаана нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн буюу нэг гипсэн хавтангийн ард маш олон үнэ цэнэ оршиж байгаа гэдгээрээ онцлог билээ” гэж МНБМ ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Боролзой хэлэв.

Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүнд одоогоор 9.5 мм болон 12.5 мм-ийн гипсэн хавтан багтаж байгаа бөгөөд цаашид ус, чийгт болон галд тэсвэртэй бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Тус үйлдвэрийн лаборатори нь гөлтгөнөн барьцалдуулагч болон гипсэн хавтангийн төрлөөрөө дагнасан Монголдоо анхдагч лаборатори болж байгаа бөгөөд 25-30 төрлийн үр дүнг гипсэн хавтан дээр шинжилдэг байна.

“Инноваци шингэсэн гэдэг нь шинэ төрлийн үйлдвэрлэлийг улс орондоо шинээр нэвтрүүлсэн гэсэн үг юм. Манай “Alpha” гипсэн хавтан нь монгол орныхоо гөлтгөнө чулуу буюу цэвэр байгалийн түүхий эдийг өөрсдөө олборлоод гөлтгөнөн барьцалдуулагчийг үйлдвэрлээд түүнээс хавтангаа гаргаж авдгаараа онцлог. Бид 2025 онд “ALPHA” эко гипсэн хавтангийн стандартыг MNS EN 520:2025 буюу монголын үндэсний стандарт болгосон” гэж Alpha хавтангийн үйлдвэрийн Лабортарын эрхлэгч О.Оргил-Эрдэнэ мэдээлэв.

“Одоо үйлдвэрлэгдэж байгаа энгийн гипсэн хавтан нь стандартынхаа дагуу галын урвалын хамгийн багадаа 40 минут хүртэл хугацаанд барьж тэсвэрлэн цаашид дамжуулахгүй байх шаардлагаа хангаж байгаа” гэж тэр нэмж хэлэв.

“Нью Прогресс Групп”-ийн хэрэгжүүлж буй эдгээр үйлдвэрлэлийн төслүүдийн нийтлэг зорилго нь Монгол Улсын байгалийн болон дотоодын түүхий эдэд нэмүү өртөг шингээж, өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.

“Ховд Эко Цемент” ОХУ-ын зах зээлд гарах эрхээ авсан нь экспортын зах зээлд өрсөлдөх зорилгын бодит эхлэл болсон бол “Ховд Эко НЦС” төсөл нь үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэртэй хослуулах замаар ногоон үйлдвэрлэлийн шийдлийг хөгжүүлж байна.

Нийгэм, эдийн засагЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлУншигчдад
0

Холбоотой мэдээ