Нүүрсний тээвэрт "цүнхний" компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч байна гэв

AI мэдээ
Нүүрсний тээвэрт "цүнхний" компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч байна гэв

Нүүрс тээврийн салбарт улс төрчид болон нөлөө бүхий хүмүүстэй холбоотой компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч байна гэх асуудлаар Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбоо хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус холбооны мэдээлснээр тээврийн салбарт 110 мянга гаруй иргэн хүнд даацын тээврийн хэрэгслээ зээлээр авч ажиллаж байна. Тэднийг тээвэрт оруулахын тулд татаас авч, ашиг олдог компаниуд бий болсон тул төр хяналт тавихыг холбооноос шаардлаа.

Холбооны гишүүн н.Жавзансүрэн: "Тавантолгой, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт зэрэгт нүүрс тээврийн 500 орчим компани байна. Эдгээр компанид хамаарах 25,000 орчим шланз байдгийн 40 гаруй хувь нь жирийн иргэнийх. Иргэд ах дүүсээрээ нийлж, өндөр хүүтэй зээл авч эрсдэлээ үүрч энэ салбарт орсон байдаг. Үүнийг нь хамж аваад ажил оруулдаг, татаас авдаг тээврийн компаниуд олон болсон. Компаниуд дунд тээврийн шаардлага хангасан нь цөөн, "цүнхний" гэх тодотголтой нь их. Эдгээр нь улс хоорондын С зөвшөөрлийг авах эрхтэй, тээвэрт оролцоход шаардлага хангах баримт бичгийг бүрдүүлэх танил талтай, Хятад талаас гэрээ олж авч чаддаг улстөрчдийн нөлөө, хамаарал бүхий хүмүүсийнх бөгөөд тээвэр хийх эрх олж авч чадсан байдаг" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн: "Танил талтайнууд нь компаниараа дамжуулаад тээврээ явуулдаг. Гэтэл зарим нь танил талгүй хүмүүсийн машиныг бүртгэж тээвэрт явуулаад, тонн км тутмаас нь мөнгө хураадаг. Ийм бизнес хавтгайрсан. Ард талдаа нөлөө бүхий хүнтэй, тээврийн компани нэртэй, танил танилтай, арга зальтай хүмүүсийг баяжуулдаг нүүрс тээвэр гэдэг бизнесийн салбар бий болчхоод байгаа" гэлээ.

Жишээлбэл Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд давхар тэрэгтэй шланз 136 тонн тээвэрлэдэг. Тонн тутамд 33,000 төгрөгийн тээврийн хөлстэй ажиллахад нэг рейсийн орлого дунджаар 4,488,000 төгрөг орчим байдаг. Үүнээс жолоочийн цалин 700,000 төгрөг, дизель түлш, тосны зардалд 2 сая гаруй төгрөг, компанийн бусад хураамж 250,000-300,000 төгрөг гардаг. Ингээд зундаа 400,000-500,000 төгрөг, өвөлдөө 700,000-800,000 төгрөгийн алдагдалтай болж хувирдаг.

Мөн Гашуунсухайт авто замаас гадна хос зам ашиглалтад орох гэж байгаа бөгөөд энэ зам дээр 1,899,000 төгрөг авна гэж байгааг холбооноос дурдав.

500 орчим компани тээврийн нэгдсэн системд орж С зөвшөөрөл авах эрхээ нээлгэсэн байдаг. Үүний тодорхой хэсэг нь "цүнхний" гэх тодотголтой, хувь машинтай иргэдээс хураамж авдаг байна. Иймд Зам, тээврийн яам, Автотээврийн Үндэсний төв зэрэг зөвшөөрөл олгодог байгууллагууд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал сайдад хандаж хэлэхэд нүүрс тээвэр сайн явж байгаа гэдэг. Нүүрс өөрөө хилийн цаана гарчихдаггүй, үүнийг хүн тээвэрлэж байгаа. Түүний цаана айл өрхийн амьдрал бий гэв.

Монголбанкнаас ирүүлсэн албан тоот дээр 2025 оны наймдугаар сарын 31-ний байдлаар 560.4 тэрбум төгрөгийн зээлийг хүнд даацын тээврийн хэрэгсэл авах зорилгоор олгосон байна. Үүний 90 гаруй хувь нь тээврийн салбарт ашиглагддаг. Нэг тээврийн хэрэгсэл авахад 360 орчим сая төгрөг болно. Засгийн газар экспортын гол бүтээгдэхүүн нүүрсийг зөөж байгаа тээвэрчдийн аж амьдралд анхаарах хэрэгтэй байна. Нэг тээврийн хэрэгслийн ард нэг айлын амьдрал бий.

Арга хэмжээ авахгүй бол иргэд, тээвэрчид, тэдний гэр бүлд хүнд нөхцөл байдал үүссэн. Хүн аргаа барахаар тэмцэж эхэлдэг. Иймд аргаа бараад шаардлага тавьж байна. Хувь машинтай иргэн бүрийг өөрийн явсан ажлын хөлсөө гэр бүлдээ зарцуулдаг болоход төрөөс дэмжлэг үзүүлээч гэж тус холбооноос нэмж мэдэгдлээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ