НҮБ-ын Ерөнхий Ассамблей Африк тивийг томруулсан дэлхийн шинэ газрын зургийг дэмжжээ

AI мэдээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Африк тивийг томруулсан дэлхийн шинэ газрын зургийг дэмжжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Баасан гарагт Африкийн хэд хэдэн улсын санаачилгыг дэмжиж, Умард Америк, Европ тивийн хэмжээг агшааж, Африкийг томруулсан дэлхийн шинэ газрын зургийг дэмжих тогтоол гаргажээ.

Тивүүдийн газрын зургийг "илүү нарийвчлалтай дүрслэх" зорилготой уг тогтоолыг 164 улс дэмжиж, АНУ ганцаараа эсэргүүцсэн бол зургаан улс санал хураалтад оролцохоос татгалзсан байна.

"Equal Earth cartographic projection" нэртэй шинэ газрын зураг нь дэлхийн тивүүдийг илүү бодитой хэмжээгээр дүрсэлдэг гэж үздэг. Одоо өргөн ашиглагддаг уламжлалт газрын зураг нь 1569 онд Флемандын зураг зүйч Жерардус Меркаторын зурсан бөгөөд тивүүдийн хэмжээг нэлээд алдаатай дүрсэлсэн байдаг.

Тогтоолын төслийг боловсруулсан Того улсын гадаад хэргийн сайд Роберт Дуссей дэлхийн газрын зураг нь "боловсролыг удирдан чиглүүлж, төсөөллийг бий болгож, ерөнхий ойлголтыг төлөвшүүлдэг" гэж дүгнэсэн. "Тиймээс газрын зураг дээр манай тивийг гажуудуулж дүрсэлсэн нь буруу төсөөллийг үе дамжин уламжлуулах эрсдэлтэй" гэж тэр тайлбарлажээ.

Харин АНУ-ын төлөөлөгч уг тогтоолыг эсэргүүцэж, ийм шийдвэрүүд нь "энэ байгууллагын нэр хүндийг унагаж буй шалтгаан" гэж НҮБ-ыг шүүмжилсэн байна. "Жинхэнэ асуудлуудад анхаарлаа хандуулахын оронд...энэ байгууллага 16 дугаар зууны үеийн газрын зургаар оролдож, үүний хор хохирол, таних мэдэхүйн шударга ёсны талаар хэлэлцэж байна" гэж АНУ-ын төлөөлөгч Ярина Ференцевич мэдэгдсэн байна.

Меркаторын зургийн алдаа нь гурван хэмжээст бөмбөрцгийг хоёр хэмжээст хавтгайд буулгахад гарсан бэрхшээлээс үүдэлтэй. Энэ нь хойд хагас бөмбөрцгийн хэмжээг тэлж, экватор орчмыг агшаасан байдаг.

2018 онд эхэлсэн "Equal Earth projection" төсөлд Африк, Латин Америк, Өмнөд Ази, Номхон далайн орнууд илүү том харагддаг. Франц улс тогтоолыг хамтран санаачилж, Меркаторын зургийг цуцалж, шинэ газрын зургийг нэвтрүүлэхээ зарласан.

Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Меркаторын зургийн тухай "АНУ, ОХУ, Хятад улсууд Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Азитай харьцуулахад илүү том харагддаг. Гринланд арал ч Африктай бараг ижил хэмжээтэй харагддаг" гэж хэлсэн байна. Тэрээр "Газрын зураг солих нь дэлхийг өөрчлөхгүй. Гэхдээ гажуудсан дүрслэлийг засах нь үнэнд нийцнэ" гэж нэмж хэлсэн байна.

Нийгэм, эдийн засаг
1

Холбоотой мэдээ